Цахилгааны үнийг 4 дахин нэмсэн Б.Чойжилсүрэнд Монголын ард түмэн САЙДЫН СУУДЛЫН өртэй юу?!

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэнг Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилж магадгүй гэх мэдээлэл гарсан.
Өөрөөр хэлбэл МАН-ын үе үеийн удирдлагууд Б.Чойжилсүрэнд найр тавьж, түүний хүслийг биелүүлж, бизнесийг нь хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн гэхэд хэлсдэхгүй. Н.Учралын засгийн газрын зарим сайдуудыг солих яриа МАН-ын хөшигний ард эрчимтэй яригдах болсон. Ардчилсан намтай ч хамтарч магадгүй хэмээн яригдаад буй. Тэгвэл Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өнгөрсөн долоо хоногт төрийн гурван өндөрлөгийн өрөөнөөс салсангүй. Түүний өрөөнөөс Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр салаагүй бөгөөд харилцан тохиролцоо хийж буй гэх.
Тэрбээр өнгөрсөн баасан гарагт хэвлэлд өгсөн тодруулгандаа “Би Ерөнхийлөгчтэй сар гаруйн өмнө уулзсан. Эдийн засаг, хөгжлийн сайд болох санал одоогоор надад ирээгүй байна” гэв.
Б.Чойжилсүрэн өмнө нь Эрчим хүчний сайдаар ажиллахдаа салбарын хөгжлийг хойш татаж, тогны үнийг 2-3 дахин нэмэж, эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг ард иргэдийн нуруун дээр авчирсан хүн билээ. Тэрбээр энэ удаа дахин засагт орж өөрийн шинээр барьж буй барилгуудынхаа ажлыг явуулах гэж байгаа гэх яриа нам дотор тархжээ. МАН үеийн үед Б.Чойжилсүрэнд байдаг бүх сайдын суудлаа өгсөн түүхтэй. Сүүлд Л.Оюун-Эрдэнийн фракцитай нийлж Г.Занданшатарын засгийг огцруулахад гол дэмжлэг үзүүлсэн гэх яриа ч нам дотор хөвөрдөг.
Монгол Улсад Б.Чойжилсүрэнгийн хийсэн гавьяа гэвэл тогны мөнгийг 2-3 дахин нэмэж, хотын А зэрэглэлийн бүх газарт "бетонон ширэнгэ" босгож, баруун бүсийн иргэдийн саналыг худалдаж авч, УИХ-д тасралтгүй 20 жил суусан толгой баячуудын нэг.
Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэн Энхтайваны гүүрээр урагш давахад л түүний тансаг зэрэглэлийн “КН” апартмент угтана. Цааш залгаад “ХААН Банк”-ны төв оффис буюу 25 давхар “КВ тауэр” гэх шилэн барилга, хажууханд нь байрлах “Наадам центр” худалдаа, үйлчилгээний төв, чанх урд нь байх 780 айлын “Цэнгэлдэх” хотхон бүгд Б.Чойжилсүрэнгийнх.
Үүгээр зогсохгүй Энхтайваны гүүрний баруун хойд үзүүрт “Наран тауэр” гэх 132 айлын, баруун урд үзүүрт “Энхтайван” гэх 160 айлын хотхон бий. Аль аль нь түүнийх. Цаашилбал, Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон “Рапид харш” хороолол, “Академи”, “Хүннү 2222”, “Хүннү плас”, “Хүннү стандарт” хотхонууд гээд бүгд түүнийх. Товчхондоо, Энхтайваны гүүр, Төв цэнгэлдэх хүрээлэн орчим Б.Чойжилсүрэнгийн “эзэнт улс” болчихсон.
Энэ мэтчилэн Улаанбаатар хотын А зэрэглэлийн байршлуудад хамгийн олон барилга барьсан хүмүүсийн нэг нь Б.Чойжилсүрэн. Гэтэл энэ бүхэндээ ханахгүй, 6,000 айл өрх шавааралдан суурьшсан газрыг авч, Улаанбаатарын хамгийн том үзвэр, үйлчилгээний газар "UB Palace-ийг нураан, эргэх зайгүй шахам 8 блок орон сууцны хороолол барьж буйг бид өмнө нь мэдээлсэн.
Хуулиар нягтаршил ихтэй газарт ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолоос өөр барилга байгууламж барихыг хориглодог ч төрийн сайд, гишүүн Б.Чойжилсүрэнд энэ хууль, журам үйлчилсэнгүй.
Харин ч Эрчим хүчний сайдын албан тушаалаа ашиглан хамаарал бүхий компанийнхаа найман блок “бетонон ширэнгэ”-ийг сүндэрлүүлж, цахилгааны холболтыг нь шийдүүлэн, өөртөө л ашигтай ажилласан “ганц сайд” гэвэл илүүдэхгүй байх. Дахин сайд болох тухай яриа нь тус хотхоныг ашиглалтад оруулах сонирхолтой холбоотой юу гэдэгт олон хүн эргэлзэхгүй.
Энэ мэтээр иргэдийн эрх ашгийг хумхын тоосны чинээ үзэж, шуналдаа хөтлөгдөн яваа барилгын магнат Б.Чойжилсүрэнд Улаанбаатар хотын иргэдийн амьдрал хамаагүй бололтой.
Монголын ард түмэн Б.Чойжилсүрэнд ч, өөр хэнд ч сайдын суудлын өргүй. Харин төрийн албан тушаал хашсан хүн бүр иргэдэд ажлынхаа үр дүнг тайлагнах үүрэгтэй.
Сайдын суудал хэн нэгний улс төрд удаан явсны шагнал биш. Намын дотоод тэнцвэрийг хадгалах, бүлэглэлүүдийг эвлэрүүлэх хэрэгсэл ч байх ёсгүй. Энэ бол иргэдийн амьдралд нөлөөлөх шийдвэр гаргаж, үр дүнгийнх нь төлөө хариуцлага хүлээх албан тушаал.
Сангийн сайдаас Эрчим хүчний сайд хүртэл бүх толгой албан тушаал хашсан, 20 жил төрд ноёрхсон Б.Чойжилсүрэнд Төрийн гурван өндөрлөг ямар өртэй юм бэ!?










