Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компанийн 8 блок “БЕТОН ШИРЭНГЭ” сүндэрлэж, ТҮГЖРЭЛД дахин нэг ачаалал нэмэгдэх нь

Хотын төвийн бүсэд олон тооны орон сууцны хороолол барих нь хүн амын төвлөрлийг нэмэгдүүлж, авто замын ачаалал, түгжрэлийг улам хүндрүүлэх эрсдэлтэйг нийслэлийн удирдлага, салбарын мэргэжилтнүүд байнга ярьдаг. Гэвч бодит байдал дээр Улаанбаатар хотын төвлөрөл саарч, төлөвлөлт сайжирсан шинж алга. Харин ч өндөр барилгууд ар араасаа сүндэрлэж, хот төлөвлөлтийн алдааны үр дагаврыг иргэд үүрсээр байна.
ТҮГЖРЭЛ, ТӨВЛӨРЛИЙГ ЯРЬДАГ Ч “БЕТОН ШИРЭНГЭ”-ЭЭР ХОТОО ДҮҮРГЭСЭЭР...
Хэн мөнгөтэй, хэн газартай байна, тэр нь боломжтой байршилд барилга барьж, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг зорьдог. Харин тухайн бүтээн байгуулалт хотын дэд бүтэц, цахилгаан хангамж, авто зам, сургууль, цэцэрлэгт ямар ачаалал үүсгэх вэ гэдэг асуудал орхигдсоор байна. Улаанбаатарчууд цахилгаан хязгаарлах хуваарьтай дахин нүүр тулж буй энэ үед хотын даац, дэд бүтцийн хүрэлцээний асуудал бүр ч хурцаар тавигдаж байна.
Барилгын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр нэмж өндөр барилга барих бус, хотын хөгжлийг нэгдсэн төлөвлөлттэй уялдуулах шаардлагатайг салбарынхан анхааруулсаар ирсэн. Гэвч бодит бүтээн байгуулалтуудыг харахад энэ шаардлага хэр хэрэгжиж байгаа нь эргэлзээ төрүүлнэ.
Үүний нэг жишээ нь Б.Чойжилсүрэнтэй хамаарал бүхий “Хурд Стандарт” компанийн “UB Palace”-ийн хуучин байршилд барьж буй 8 блок бүхий орон сууцны хороолол юм.
Тус компани Улаанбаатар хотын үнэ цэнтэй байршлуудын нэг болох “UB Palace”-ийг худалдан авч, буулган, оронд нь олон блок бүхий орон сууцны хороолол барьж байна. Одоогоор барилгуудын гадна фасад, өнгө үзэмжийн ажил үндсэндээ дуусаж, ашиглалтад ороход ойртжээ.
Одоогийн байдлаар байрны нэг метр квадратын үнийг борлуулалтын албанаас нь тодруулахад хамгийн багадаа 7 саяас эхэлнэ гэдгийг хэлж байна. Гэхдээ тус хороололд улсын сургууль, цэцэрлэг байхгүй гэдгийг ч хэлсэн юм.
Хуулиараа нягтаршил ихтэй газар ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолоос өөр барилга байгууламж барихыг хориглодог ч ТӨРИЙН САЙД, ГИШҮҮН хүнд энэ хууль журам үйлчилсэнгүй.
"UB palace"-ын газрыг тойроод 6000 айл өрх амьдарч байгаа ч дахиад нэмж 8 блок орон сууцны хороолол удахгүй ашиглалтад орж түгжрэл хувь нэмрээ оруулах нь.
Улаанбаатар хотын А зэрэглэлийн байршлуудад Б.Чойжилсүрэн сайд хамгийн олон барилга барьсан. Гэтэл энэ бүхэндээ ханахгүй 6000 айл өрх шамбааралдсан газрыг авч, Улаанбаатарын хамгийн том үзвэр үйлчилгээний газрыг нураагаад бөгс эргэх зайгүй шахамн 8 блок орон сууцны хороолол барьж буй нь энэ юм.
"Хурд стандарт" нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн "Хурд" группийн олон охин компанийн нэг. Тус компанийг 2014 оноос хойш гишүүн Б.Чойжилсүрэн өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тогтмол дурдаж ирсэн байгаа юм. Энэ мэтчилэн барилгын магнат Б.Чойжилсүрэнд иргэдийн эрх ашгийг хумхын тоос чинээ үзэж шуналдаа хөтлөгдсөөр л явна.



