Хоёр монгол оюутны 5 жилийн тэмцлийн үр дүнд БНСУ гадаадын иргэдийн улс төрийн үйл ажиллагааны ХОРИГИЙГ өөрчлөхөөр болов

БНСУ-ын Үндсэн хуулийн цэц 2026 оны арваннэгдүгээр сарын 26-нд тус улсад оршин суугаа гадаадын иргэдийн улс төрийн үйл ажиллагааг ерөнхийд нь хориглосон Цагаачлалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзжээ. Шийдвэрийг шүүгчид 6:3-ын харьцаатай гаргасан байна. Цэц уг зохицуулалт нь гадаадын иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэт хязгаарласан гэж дүгнэжээ.
Энэ маргааныг БНСУ-д оюутны статустайгаар оршин сууж байсан Монгол Улсын хоёр иргэн 2021 оны долдугаар сарын 2-нд Үндсэн хуулийн цэцэд гаргажээ.
Тэд 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэр дэвшихээр зэхэж байсан хүмүүст гадаадын иргэдэд тулгардаг ялгаварлан гадуурхлыг арилгах бодлогын санал хүргүүлэхээр төлөвлөсөн байв. Харин хуулийн “улс төрийн үйл ажиллагаа” гэсэн өргөн хүрээтэй хориг энэ боломжийг хязгаарлаж байна гэж маргасан байна.
Цэц хориглох шаардлагатай үйл ажиллагааг хуулиар тодорхой зааж, нийтлэг үзэл бодлоо илэрхийлэх үйлдлийг бүхэлд нь хориглохгүй байх шаардлагатай гэж үзжээ. БНСУ-ын хууль тогтоогчдод 2028 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор холбогдох хуулийг өөрчлөх хугацаа өгсөн байна. Шинэ зохицуулалт батлагдах хүртэл одоогийн заалт хүчинтэй хэвээр үйлчлэх юм.
Энэхүү шийдвэр нь гадаадын иргэдэд сонгох, сонгогдох болон улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох эрхийг шууд олгосон хэрэг биш юм. Харин улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх бүх үйлдлийг хамруулсан өргөн хоригийг хуулиар дахин зохицуулах шаардлагатай гэж үзсэн байна.

