Гадаадын тагнуулын байгууллагад төрийн нууц дамжуулсан Хятадын албан тушаалтанд цаазын ял оноожээ

БНХАУ-ын төрийн төв байгууллагад ажиллаж байсан Ма овогтой албан тушаалтанд тагнуулын гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр цаазын ял оноосон талаар тус улсын Төрийн нууцыг хамгаалах газрын харьяа "Баомигуань" мэдээллийн суваг арваннэгдүгээр сарын 23-нд мэдээлжээ.
Шүүх мөн түүний улс төрийн эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх хөрөнгийг хураахаар шийдвэрлэсэн байна.
Ма гадаадад ажиллаж байхдаа өөр улсын тагнуулын ажилтантай танилцаж, улмаар мөнгөн урамшуулал болон сүрдүүлгийн нөлөөгөөр хамтран ажиллах болсон аж. Тэрбээр эх орондоо буцаж ирсний дараа ч ажлын хүрээнд олж авсан нууц мэдээллийг цуглуулан дамжуулж байжээ.
Ма нийт 100 гаруй мэдээлэл дамжуулсны 35 нь төрийн нууцад хамаарч, үүнийхээ төлөө нэг сая гаруй юанийн төлбөр авсан гэж мэдээлсэн байна.
