Оросын цохилтын улмаас Украины зарим хотод 20 хүн амиа алджээ

ОХУ-ын арми аравдугаар сарын 29-ний өдөр Украины хэд хэдэн хотод пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цохилт өгсний улмаас 20-иос доошгүй хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртжээ.
Тодруулбал, Украины Днипро хотын төмөр замын буудалд Оросын нисгэгчгүй төхөөрөмж цохилт өгсний улмаас галт тэрэг хүлээж байсан 14 хүн амиа алдсан байна.
Мөн Кременчук хотод орон сууцны барилга болон хувийн эзэмшлийн байшингууд өртөж, гурван хүн амиа алдан, 32 хүн шархаджээ. Чернигов хотод болсон халдлагын улмаас хоёр өсвөр насны охин амиа алдсан байна.
Түүнчлэн нийслэл Киев хотод орон нутгийн цагаар пүрэв гарагийн орой пуужингийн цохилт болж, нэг хүн амиа алджээ. Запорожье хотод нийтийн тээврийн автобуснууд нисгэгчгүй төхөөрөмжийн халдлагад өртөж, зургаан хүн шархадсан байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энгийн иргэд болон иргэний дэд бүтцэд чиглэсэн эдгээр халдлагыг буруушааж, агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатайг холбоотон орнуудад анхааруулжээ.
Энэхүү халдлагууд Украины өмнөд хэсгийн Херсон мужид хүмүүнлэгийн тусламж хүргэх зорилгоор зургаан өдрийн орон нутгийн гал зогсоох тохиролцоо хэрэгжиж байх үед болсон байна.


