ОХУ-ын Эрхүү мужид баавгайн халдлага эрс нэмэгдсэнтэй холбогдуулан ОНЦГОЙ ДЭГЛЭМ тогтоожээ

ОХУ-ын Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев 2026 оны есдүгээр сарын 18-наас эхлэн бүс нутгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм тогтоох шийдвэр гаргасан байна. Энэ нь баавгайнууд байгалийн амьдрах орчноосоо гарч, суурин газар, авто зам, айл өрхийн ойролцоо үзэгдэх тохиолдол олширсонтой холбоотой аж.
Эрхүү мужийн эрх баригчдын мэдээлснээр, баавгайн идэвхтэй үе эхэлснээс хойш иргэдээс эдгээр амьтантай холбоотой 1,500 гаруй дуудлага, мэдээлэл иржээ.
Зөвхөн нэг хоногийн хугацаанд 56 мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд 2026 онд хүний амь нас, аюулгүй байдалд эрсдэл учруулсан баавгайн тоог зохицуулах хүрээнд 191 баавгай агнасан талаар тухайн үед мэдээлсэн байна.
Мөн тус мужид баавгайн дайралтаас үүдэн хүний амь нас хохирсон тохиолдлууд бүртгэгджээ. Иймээс орон нутгийн удирдлагууд иргэдийг ойд зорчих, мөөг, жимс түүхээс түр хугацаанд татгалзахыг зөвлөж, суурин газрын ойролцоох хог хаягдлыг тогтмол зайлуулах, мал сүргийг ан агнуурын бүсэд хяналтгүй бэлчээхгүй байх зэрэг арга хэмжээ авч эхэлсэн байна.
Эрхүү мужийн хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн хүрээнд холбогдох байгууллагуудын бэлэн байдлыг нэмэгдүүлж, баавгай суурин газарт орж ирсэн талаарх иргэдийн мэдээллийг шуурхай хүлээн авч, нөхцөл байдлыг тогтворжуулах арга хэмжээ хэрэгжүүлэхээр болжээ.
