Нислэгийн үеэр халдлагад өртөн шархадсан ч онгоцонд зорчиж явсан 174 зорчигчийн амийг аварчээ

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нислэгийн үеэр халдлагад өртөж, хүнд шархадсан ч онгоцонд зорчиж явсан 174 хүний амийг аврахад чухал үүрэг гүйцэтгэсэн Энэтхэгийн нисгэгч Смит Маччхарт баяр хүргэжээ.
Тодруулбал, “Flydubai” компанийн Дубай-Тель-Авив чиглэлийн FZ1073 нислэгийн үеэр нисгэгч Смит Маччхар руу хамтран нисгэгч нь халдаж, хутгалсан байна. Улмаар онгоц огцом өндрөө алдаж, нислэгийн үеэр ноцтой нөхцөл байдал үүсжээ.
Хэдийгээр хүнд шархадсан байсан ч Маччхар эсэргүүцэн тэмцэж, бүхээгийн хаалгыг нээсэн нь зорчигчид болон багийн гишүүдэд бүхээгт нэвтэрч, халдагчийг тогтоон барих боломж олгосон байна. Мөн онгоцонд зорчиж явсан хүмүүс, нислэгийн багийн гишүүд онгоцны удирдлагыг тогтворжуулахад оролцжээ.
Үүний дараа онгоц Саудын Арабын Табук хотын нисэх онгоцны буудалд ослын буулт хийж, зорчиж явсан бүх хүн эсэн мэнд газардсан байна. Халдлага үйлдсэн гэх нисгэгчийг Саудын Арабын эрх баригчид баривчилж, шалгаж эхэлжээ.
Нетаньяху нисгэгч Маччхарыг “онцгой эр зориг гаргасан жинхэнэ баатар” хэмээн үнэлж, шархнаасаа хурдан эдгэрэхийг хүссэн байна. Тэрбээр мөн халдлагыг таслан зогсооход оролцсон зорчигчид болон багийн гишүүдэд талархал илэрхийлжээ.
Одоогоор нисгэгч Маччхар Саудын Арабын эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд Энэтхэгийн Элчин сайдын яамнаас түүний биеийн байдал тогтвортой байгааг мэдээлсэн байна.


