Трамп Цагаан ордны ойрын туслахууддаа их хэмжээнийб БЭЛЭН МӨНГӨ бэлэглэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны өөрт нь ойр ажилладаг дөрвөн туслахдаа өнгөрсөн жилийн баярын үеэр нийт 155 мянган ам.долларын бэлэн мөнгө бэлэглэсэн нь тус ордноос нийтэлсэн санхүүгийн ил тод байдлын баримтаар ил болжээ.
Ерөнхийлөгчийн гүйцэтгэх туслах Натали Харп, Харилцаа холбооны зөвлөх Марго Мартин болон Зууван танхимын үйл ажиллагааны орлогч захирал Чемберлейн Харрис нар тус бүр 45 мянган ам.доллар авчээ. Харин Зууван танхимын үйл ажиллагааны захирал Уолт Наута 20 мянган ам.долларын бэлэг авсан байна.
Тэдний жилийн үндсэн цалинтай харьцуулахад уг мөнгөн дүн нэлээд өндөр байна. Харп, Мартин, Харрис нарын жилийн цалин 150 мянган ам.доллар бөгөөд тус бүр авсан бэлэг нь жилийн цалингийнх нь ойролцоогоор гуравны нэгтэй тэнцэж байна. Наутагийн жилийн цалин 175 мянган ам.доллар байна.

Цагаан ордон уг мөнгөн бэлгүүдийг Трампын олон жилийн турш үргэлжилж буй баярын бэлэг өгөх уламжлалын нэг хэсэг хэмээн тайлбарлажээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Дэвис Ингл эдгээр бэлэг нь хүлээн авагчдын төрийн албан үүрэгтэй холбоогүй тул холбогдох хууль, ёс зүйн шаардлагад нийцэж байгаа гэж мэдэгдсэн байна.
Гэвч төрийн албан хаагчид ердийн цалингаас гадна ийм хэмжээний мөнгөн урамшуулал, төлбөр авахтай холбоотой холбооны ёс зүйн болон хууль эрх зүйн асуудлыг шинжээчид хөндөж байна. Ерөнхийлөгчийн ёс зүйн асуудлаар ажиллаж байсан Ричард Пэйнтер ийм хэмжээний бэлгийг шүүмжилжээ.
