Казахстаны сургуулиудад есдүгээр сарын 1-нд багшид цэцэг, бэлэг өгөхийг хоригложээ

Казахстаны Боловсролын яамнаас есдүгээр сарын 1-ний өдөр багш нарт цэцэг, бэлэг өгөхтэй холбоотой асуудлаар тодруулга гаргалаа.
Тус яамны мэдээлснээр багшид цэцэг өгөх нь олон жилийн уламжлал бөгөөд үүнийг сурагч, эцэг эхийн сайн дурын сонголт хэвээр үлдээх ёстой. Цэцгийн баглааны хэмжээ, үнэ бус хүүхдийн багшдаа үзүүлж буй хүндэтгэл чухал гэдгийг онцолжээ.
Харин сургууль, боловсролын байгууллага болон анги удирдсан багш нар эцэг эх, сурагчдаас цэцэг, бэлэг авахыг шаардах, мөнгө хураах, худалдан авалтыг зохион байгуулах ёсгүй. Мөн цэцэг, бэлэг авахыг үүрэг болгож, эцэг эхчүүдийн дунд өрсөлдөөн бий болгохыг зөвшөөрөхгүй гэж Боловсролын яам мэдэгдсэн байна.
Энэ талаар өмнө нь тус яамны нэгдүгээр дэд сайд Шынар Акпарова есдүгээр сарын 1-нд сургуулийн байр, нутаг дэвсгэрт багшид цэцэг болон бусад бэлэг гардуулахыг зөвшөөрөхгүй гэж мэдээлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм.
Боловсролын яамны зүгээс 2026–2027 оны хичээлийн жилийн эхний өдрийг илүү даруухан, дулаан уур амьсгалтай өнгөрүүлж, хүүхдэд багшдаа хүндэтгэлтэй хандах, даруу байдал, сайхан сэтгэлийн үнэ цэнийг төлөвшүүлэхэд анхаарахыг зорьж байна гэжээ.
