Франкфуртын нисэх буудалд хумхаа өвчний халдвар бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ

Германы Франкфуртын нисэх буудалд ажиллаж байсан зургаан ажилтан хумхаа өвчний халдвар авсан бөгөөд үүнээс хоёр хүн нас барсан талаар тус улсын холбогдох эрүүл мэндийн байгууллага болон нисэх буудлын оператор компани мэдээллээ.
Халдвар авсан ажилтнууд 2026 оны долдугаар сарын 4–6-ны хооронд өвчилсөн бөгөөд халдвар нь хумхаа өвчин тархдаг бүс нутгаас агаарын хөлгөөр тээвэрлэгдэн ирсэн халдвартай Anopheles төрлийн шумуулаар дамжсан байх магадлалтай гэж үзэж байна.
Эхний нас баралт долдугаар сарын эхээр, хоёр дахь нас баралт наймдугаар сард бүртгэгдсэн байна. Халдвар авсан бусад дөрвөн ажилтан эмчилгээ хийлгэж, биеийн байдал нь сайжирч байгаа талаар мэдээлжээ.
Германы Роберт Кохын хүрээлэнгээс ийм төрлийн буюу “нисэх буудлын хумхаа” нь хумхаа өвчин тархдаггүй бүс нутагт маш ховор тохиолддог халдварын зам болохыг мэдээлсэн байна. Мөн одоогоор хүнээс хүнд халдварласан гэх нотолгоо байхгүй байна.
Франкфуртын нисэх буудалд шумуулын урхи байршуулж, баригдсан шумуулыг төрөл зүйл болон гарал үүслийг тогтоох зорилгоор лабораторийн шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Ажилтнуудад хумхаа өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөжээ.

