Хятадын “Цайны далай” Мэйтань шяний хөгжлийн туршлагатай танилцлаа

БНХАУ-ын Гуйжөү мужийн Зүньи хотын Мэйтань шянь буюу “Хятадын цайны далай”-д зочилж, цайны үйлдвэрлэл, аялал жуулчлал хосолсон хөгжлийн туршлагатай танилцлаа.
Мэйтань шянь нь Хятадын цайны үйлдвэрлэлийн гол төвүүдийн нэг бөгөөд өргөн уудам цайны тариалангийн бүсээрээ “Хятадын цайны далай” хэмээн алдаршсан нутаг юм.
Тус бүс нутаг нь цай тариалалт, боловсруулалт, брэнд хөгжүүлэлт, аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлж, орон нутгийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж байна.
Мэйтаньд цайны судалгаа, үйлдвэрлэлийн түүх 1930-аад оноос эхтэй бөгөөд өнөөдөр Хятадын цайны салбарын тэргүүлэх төвүүдийн нэг болж хөгжсөн байна.

Айлчлалын үеэр төлөөлөгчид цай боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, Мэйтанийн алдарт ногоон цай болон цайнаас гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй танилцав. Түүнчлэн орон нутгийн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодол, брэнд хөгжүүлэлтэд онцгой анхаарч, дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа танилцууллаа.
Мөн цайны үйлдвэрлэлийг соёл, аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлж буй туршлага нь төлөөлөгчдийн анхаарлыг татаж, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих үр дүнтэй загвар болохыг онцолсон юм.
Энэхүү айлчлал нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, орон нутгийн онцлогт тулгуурласан үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлэх чиглэлээр туршлага судлах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.





