БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлд дахин 30 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлд холбогдох ээлжит хэргийн шүүх хурал өнөөдөр /2026.06.12/ болж, Сөүлийн шүүх түүнд дахин 30 жилийн хорих ял оноолоо.
Шүүхээс тогтоосноор Юн Сүк Ёл нь 2024 онд Умард Солонгосын нутаг дэвсгэрт нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулж, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг зориудаар нэмэгдүүлэх замаар тухайн оны арванхоёрдугаар сард онц байдал буюу цэргийн дэглэм тогтоох үндэслэл бүрдүүлэхийг оролдсон гэж үзжээ.
Прокуроруудын мэдээлснээр уг ажиллагаа нь хоёр Солонгосын харилцааг хурцатгаж, үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулсан бөгөөд төрийн эрх мэдлийг хууль бусаар ашигласан үйлдэлд тооцогдсон байна.
Эргэн сануулахад, Юн Сүк Ёл нь 2024 оны цэргийн дэглэм тогтоох оролдлоготой холбоотойгоор энэ оны хоёрдугаар сард бослого, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдан бүх насаар нь хорих ял сонсоод байсан юм. Ийнхүү өнөөдөр дроны ажиллагаатай холбоотой тусдаа хэрэгт дахин 30 жилийн хорих ял оноосноор түүний эсрэг гарсан шийтгэлүүд улам нэмэгдэж байна.
Юн Сүк Ёлын өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдсэн байна.

