Иран улс 14 заалт бүхий энхийн төлөвлөгөөг АНУ-д хүргүүлжээ

Ойрх Дорнод дахь дайныг зогсоох гол нөхцөлүүдээ тусгасан 14 заалт бүхий энхийн төлөвлөгөөг Ираны эрх баригчид АНУ-д хүргүүлсэн тухай "Fars", "Tasnim" агентлагууд мэдээлжээ.
Одоо Техран Вашингтоны хариуг хүлээж байгаа ба уг төлөвлөгөө нь АНУ-ын өмнө нь санал болгосон 9 заалт бүхий төлөвлөгөөний хариуд санал болгож буй баримт бичиг аж.
АНУ-ын тал хоёр сарын хугацаатай гал зогсоохыг санал болгосон байсан бол Ираны эрх баригчид “бүх асуудлыг нэг сарын дотор шийдвэрлэх шаардлагатай” гэдэг хариуг өгч, “анхаарлыг гал зогсоох хугацааг сунгахад биш, харин дайныг дуусгахад төвлөрүүлэх ёстой” гэж мэдэгджээ.
Мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах Ираны хувилбарт Вашингтоноос үл довтлох баталгаа гаргах, хил орчмын бүс нутгуудаас АНУ-ын цэргийг бүрэн гаргах, тэнгисийн цэргийн бүслэлтийг зогсоох, Ираны царцаагдсан хөрөнгийг чөлөөлөхийг шаарджээ.
Мөн учирсан хохирлыг нөхөн төлөх, хориг арга хэмжээг цуцлах, бүс нутаг дахь байлдааны ажиллагааг зогсоох (үүнд Израилаас Ливан руу довтлохыг зогсоох), "Ормузын хоолойн үйл ажиллагааны шинэ механизм" бий болгохыг шаардсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Техраны саналыг таашаах эсэхдээ эргэлзэж байна.
