Хятадын алдартай инфлюэнсер “Ван эгч“ шууд дамжуулалтын үеэр амиа алджээ

Хятадын сошиал орчинд “Ван эгч” хэмээн танигдсан инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр гэнэт нас барсан харамсалтай хэрэг гарч, олон нийтийн анхаарлыг татаж байна.
39 настай инфлюэнсер Ван Жа Же онлайн худалдааны шууд дамжуулалт хийж байхдаа гэнэт бие нь муудаж, хүчтэй толгой өвдсөн тухай хэлжээ. Тэрээр толгойгоо барин хэсэг хугацаанд амарч, туслах нь ус өгч байсан ч удалгүй ухаан алдан унасан байна.
Гэрчүүдийн мэдээлснээр, түргэн тусламж дуудсан боловч эмч нар ирэхэд түүний амин үзүүлэлтүүд илрээгүй байсан аж.
Одоогоор албан ёсоор нас барсан шалтгааныг эцэслэн зарлаагүй байгаа ч тархины судасны гэнэтийн асуудал буюу цус харвалт байж болзошгүй гэж таамаглаж байна.
Талийгаач Ван Жа Же нь Хятадын сошиал платформуудаар дамжуулан хувцас болон бусад бараа бүтээгдэхүүн сурталчилж, шууд худалдаа хийдэг инфлюэнсер байсан бөгөөд ганц бие эхийн хувиар бага насны охиноо өсгөж байсан талаар ойрын эх сурвалжууд мэдээлжээ.
Энэхүү хэрэг гарснаас хойш Хятадын сошиал сүлжээнд livestream худалдаа эрхлэгчдийн ажлын ачаалал, эрүүл мэндийн асуудлын талаар хэлэлцүүлэг идэвхжээд байна.






