Умард Солонгосоос Орост 33 мянга орчим чингэлэг зэвсэг нийлүүлжээ

Украинтай хийж буй дайнд Москваг дэмжихийн тулд Умард Солонгосоос ОХУ руу сум зэвсэг зэрэг цэргийн зориулалттай бүтээгдэхүүн бүхий 33 мянга орчим чингэлэг илгээжээ.
Пёньянаас илгээсэн эдгээр чингэлгээр 152 мм-ийн их бууны 15 сая гаруй ширхэг сум илгээсэн байж болзошгүй байгаа талаар Өмнөд Солонгосын цэргийн тагнуулын байгууллага өчигдөр мэдээлжээ.
Мэдээллээс үзэхэд, Умард Солонгос чингэлгийг далайн замаар тээвэрлэхдээ ихэвчлэн Оросын хилээс холгүй орших Ражин боомтыг ашиглаж байсан байна.
Түүнчлэн Умард Солонгосоос 170 мм-ийн өөрөө явагч их буу, 240 мм-ийн зэрэг галлагч тийрэлтэт систем зэрэг 220 орчим нэгж техник нийлүүлжээ.
Үүнээс гадна 122 мм болон 152 мм-ийн сум, танк эсэргүүцэгч пуужин, ойрын зайн тусгалт баллистик пуужин зэрэг бусад төрлийн зэвсэг хэрэгслийг Орост нийлүүлж байгаа аж.





