Японы тамирчин К.Мүрасэ сноубордын төрөлд Олимпын аварга боллоо

"Милан-Кортина 2026" өвлийн Олимпын наадмын сноубордын эмэгтэйчүүдийн биг эйр төрлийн финал даваа гарагт болж, Японы тамирчин Кокомо Мүрасэ алтан медаль хүртлээ.
Дэлхийн аварга тэрбээр Италийн "Ливиньо" уулын цанын баазад болсон тэмцээнд нийлбэр дүнгээр 179.00 оноо авч аваргалснаар дөрвөн жилийн өмнө Бээжингийн Олимпоос 17 настайдаа хүртэж байсан хүрэл медалийнхаа өнгийг хувиргалаа.
К.Мүрасэ сэтгэгдлээ хуваалцахдаа "Хүрэл медаль жинтэй санагддаг байсан бол одоо алтан медаль тэс ондоо мэдрэмжийг төрүүлж байна. Энэ бол зөвхөн медалийн жингийн тухай ярьж байгаа биш юм. Үүнд өдийг хүртэл хичээж зүтгэсэн миний бүх хөдөлмөр шингэсэн мэт санагдаж байна. Энэ утгаараа үнэхээр "хүнд" байна" хэмээн ярив.
Тус төрөлд Шинэ Зеландын тамирчин Зои Садовски Синнотт эхний оролдлогоороо унасан хэдий ч дараагийн үсрэлтүүдээ амжилттай гүйцэтгэн 172.25 оноогоор мөнгөн медаль, БНСУ-ын тамирчин Ю Сын Ун 171.00 оноогоор хүрэл медалийг тус тус хүртлээ.
К.Мүрасэгийн медаль Японы сноубордын эмэгтэй тамирчдын хувьд анхны алтан медаль, "Милан-Кортина 2026" олимпын наадмаас Японы багийн хүртсэн хоёр дахь алтан медаль боллоо.





