Олон улсын байдал хурцдаж, алтны үнэ анх удаагаа 5000 ам.доллар давлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон улсын харилцааны дүрмийг шинээр бичиж, хөрөнгө оруулагчид Засгийн газрын бондууд болон валютаас татгалзсанаар алтны ханшийн хурдтай өсөлт эрчээ улам нэмж, түүхэнд анх удаагаа унц нь 5000 ам.доллар давлаа.
Геополитикийн эрсдэлүүд, ам.долларын ханшийн сулрал нь үнэт металлын эрэлтийг дэмжиж, улмаар өнгөрсөн долоо хоногт алтны үнэ 8 гаруй хувиар өсөн 5040 орчим ам.долларт хүрээд байна.
Ам.долларын бусад томоохон валюттай харьцах ханшийг дагадаг гол индекс тавдугаар сараас хойших хамгийн огцом уналттай долоо хоногийг үдсэнээр арилжаалагчдын үнэт металл худалдан авах өртөг хямдарсан байна. Алтнаас гадна мөнгө мөн адил дээд түвшнээ шинэчилж, унц нь анх удаа 100 ам.доллар давсан юм.
Алтны ханш ийнхүү сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд даруй хоёр дахин өссөн нь зах зээлд айдас нэмэгдэх үед эрэлт нь дагаад нэмэгддэг чиг хандлагыг тодотгон харуулж байна. Сүүлийн долоо хоногуудад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Холбооны нөөцийн банкны хараат бус байдалд нөлөөлөхийг оролдож, Гринланд арлыг улсдаа нэгтгэхээр сүрдүүлж, Венесуэлд цэргийн ажиллагаа явуулсан нь зах зээлд айдас, тодорхойгүй байдал нэмэгдэхэд түлхэц болсон юм.





