Google компани Android системийг Хятадын Huawei компанид ашиглуулахаа зогсоолоо
“Google” компани Хятадын “Huawei” компанид үйлчилгээ болон техникийн дэмжлэг үзүүлэхээ зогсоосон тухай өнөөдөр "Finansal Times" сонин эх сурвалжийг дурдан мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ “Huawei” компанийг зөвхөн тусгай зөвшөөрлөөр АНУ-аас нийлүүлдэг бүтээгдэхүүнийг гаргадаг байгууллагуудын жагсаалтад оруулсан билээ. Америкийн эрх баригчид тус компанийг БНХАУ-ын тагнуулын байгууллагад мэдээ хүргэдэг хэмээн үзэж байгаа аж. “Huawei” бол ухаалаг гар утас үйлдвэрлэдэг дэлхийн хоёр дахь том компани бөгөөд Google компанийн Android системийг ашигладаг аж. Өнгөрсөн онд Хятадын тус компани дэлхийн зах зээлд 200 сая ухаалаг гар утас нийлүүлж 105,0 тэрбум ам. долларын орлого олжээ. Эл компани гар утас үйлдвэрлэхдээ Qualcomm, Intel болон Broadcom компанийн хагас дамжуулагчийг өргөнөөр ашигладаг юм байна. Хэвлэлд гарч буй мэдээллээр бол “Huawei” тус бүрэлдэхүүн хэсгийн маш их нөөцийг бий болгож амжсан бөгөөд нийлүүлэх өөр эх сурвалжийг хайж байгаагаас гадна ухаалаг утсанд зориулсан үйлдлийн системийг өөрсдөө хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Эх сурвалж: unuudur.mn
|