ВИДЕО: Энэтхэгт мафийн толгойлогч телевизийн камерын өмнө буудуулж алагджээ ВИДЕО: Энэтхэгт мафийн толгойлогч телевизийн камерын өмнө буудуулж алагджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 15, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ВИДЕО: Энэтхэгт мафийн толгойлогч телевизийн камерын өмнө буудуулж алагджээ

2023 оны 4 сарын 17

Arslan.mn

      Бямба гарагийн шөнө Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Аллахабад хотод мафийн боссоос улс төрч болж байсан цуутай гэмт хэрэгтэн Атик Ахмед дүүгийн хамт телевизийн камерын өмнө буудуулж алагджээ. Парламентын гишүүн асан Ахмедыг цагдаа нар дүүгийнх нь хамт эмнэлэгт шинжлүүлэхээр авч явах үеэр зэвсэгт халдлага гарсан байна. Атик Ахмед, түүний дүү Ашраф Ахмед нарыг олон тооны сэтгүүлчид тойрон бүчиж, асуулт асууж, телевизийн сувгууд үйл явдлыг шууд дамжуулж байжээ. Гэтэл сэтгүүлчийн хуурамч бичиг баримтаар нэвтэрсэн гурван эрэгтэй ойрын зайнаас ах дүү хоёрыг 20 гаруй удаа буудсан байна. Халдлага үйлдэгсэд баригдах үеэрээ Муслимуудын эсрэг Хиндү шашны радикал үзэлтнүүдийн хэлдэг уриа үгийг чангаар хэлж байжээ. 18-23 настай алуурчид өөрсдийгөө алдаршихын тулд ийм хэрэг үйлдсэн тухай цагдаа нарт мэдүүлсэн байна.

       “Бид тэдний мафийг бүрэн устгаж нэрээ мөнхлөх зорилгоор Атик Ахмед болон түүний дүү Ашрафыг алсан” гэж тэд цагдаад мэдүүлжээ. Атик Ахмедын гэр бүл Энэтхэгийн хамгийн олон хүн амтай Уттар Прадеш мужийн гэмт хэргийн ертөнцийг атгадаг байсан юм. Тэрбээр маш их хөрөнгөтэй нэгэн бөгөөд төрөлх хотдоо “Робингүүд” маягийн үйлдлүүдээрээ алдаршсан нэгэн байжээ. Тухайлбал Ахмед ядууст мөнгө, эд зүйлс тарааж, хүүхдүүдийг нь хичээлийн хэрэгслээр хангадаг байв. Тэр энэ алдар нэрээ ашиглан парламентад сонгогдож байсан удаатай.

    Гэхдээ сүүлийн байдлаар Ахмедын гэр бүлийг 100 гаруй тооны аллага болон бусад онц ноцтой гэмт хэрэгт буруутгаад байгаа. 2019 онд тэр шоронд хоригдож байхдаа бусдыг барьцаалах гэмт хэргийг зохион байгуулсан шалтгаанаар бүх насаар хоригдох ял сонссон юм. Хамгийн сүүлд ах дүү хоёр тэдний нэг аллагын гэрч болох хуульч Умеш Палыг алсан хэрэгт шалгагдаж байжээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр энэхүү аллагад холбогдоод байсан Атик Ахмедын 19 настай хүү цагдаа нарт буудуулж алагдсан юм. Олон хүн үүнийг санаатай аллага гэж үзэж байв. 200 гаруй сая хүн амтай Уттар Прадеш мужийг эрх баригч Бхаратия Жаната намын төлөөлөл удирддаг. Тус мужийн захирагч Ёги Адитянат бол Бхаратия Жаната намын хиндү шашныг бусад шашин шүтлэгээс дээгүүр тавих үзэл номлолыг баримтлагч хамгийн радикал улс төрчийн нэг гэгддэг.

     Түүнийг 2017 онд томилогдсоноос хойш Уттар Прадеш мужид гэмт хэрэгтнүүд, сэжигтнүүд цагдаа нарын гарт янз бүрийн шалтгаанаар алагдах явдал эрс нэмэгдсэн юм. Сүүлийн таван жилийн хугацаанд тус мужид цагдаа нар 9,000 удаа бусдын эсрэг галт зэвсэг хэрэглэсний улмаас 170 гаруй хүн алагдаж байжээ. Хохирогчид нь бүгд муслимууд болон кастын системийн хамгийн доод давхаргын хүмүүс болох далитууд байсан байна. Адитянат өчигдөр ах дүү хоёрын аллагын хэргийг мөрдөн шалгах ажилд анхаарал тавихаа амлаж, хэргийн талаар мэдээллийг Энэтхэгийн төв засгийн газрын дотоод хэргийн яаманд илгээснээ мэдээлжээ. Ням гарагт Аллахабад хотын зарим хэсэгт интернэт сүлжээг тасалж, хүмүүст олноор цугларахыг хориглосон нь шашин хоорондын мөргөлдөөн гарахаас сэргийлсэн хэрэг байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646188
0 эможи

keyboard_arrow_up