Тайландын нисэх буудалд хулгай хийсэн 51 настай монгол эмэгтэйг баривчилжээ

Тайландын Суварнабхуми олон улсын нисэх буудалд зорчигчийн эд зүйл хулгайлсан гэх хэрэгт Монгол Улсын 51 настай эмэгтэйг арваннэгдүгээр сарын 21-нд баривчилжээ. Энэ талаар тус улсын аялал жуулчлалын цагдаагийн байгууллага дараагийн өдөр нь мэдээлсэн байна.
Цагдаагийн мэдээлснээр, эмэгтэйг АНУ руу зорчихоор бэлтгэж байсан тайланд зорчигчийн эд зүйлсийг хулгайлж байх үед нь баривчилсан аж.
Түүнээс иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны карт, тайланд бат болон ам.долларын бэлэн мөнгө хураан авч, эзэнд нь буцаан өгчээ.
Өмнө нь буюу арваннэгдүгээр сарын 17–20-нд Япон, Хятадын зорчигчид тус буудлын терминалын дөрөвдүгээр давхарт бэлэн мөнгө, кредит карт, чухал бичиг баримтаа алдсан гурван тохиолдол бүртгэгдсэн байна.
Хяналтын камерын бичлэгт харагдсан сэжигтэй хүмүүсийн төрх ижил төстэй байсан тул цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Баривчлагдсан эмэгтэйг нисэх буудлын цагдаагийн мөрдөн шалгах албанд шилжүүлсэн бөгөөд өмнөх гурван хэрэгт холбоотой эсэхийг үргэлжлүүлэн шалгаж байна. Тэдгээр хэрэгт оролцсон нь одоогоор тогтоогдоогүй байна.


