С.ГАНЦЭЦЭГ: “Тавантолгой түлш“ ХХК-ий бүтээгдэхүүн стандартын шаардлагыг хангасныг баталгаажуулж, тохирлын гэрчилгээ олголоо

Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлш болон импортолж буй хагас коксон түлш чанар, стандартын шаардлага хангаж буйг баталгаажуулсан Тохирлын гэрчилгээг өнөөдөр /2026.11.18/ хүлээн авлаа.
Бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөндлөнгийн хяналт хийж, тохирлын гэрчилгээ олгодог “Ай Пи Сертификэйшн” компани Тавантолгой түлш ХХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн шахмал түлш болон хагас коксон түлшинд лабораторийн чанарын шинжилгээ хийлгэж, үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын үйл явцад хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийсэн байна.

Энэ үеэр “Ай Пи Сертификэйшн” ХХК-ий Баталгаажуулалтын албаны дарга С.Ганцэцэг хэлсэн үгэндээ "Манай компани 2025 оноос хойш Тавантолгой Түлш ХХК-тай хамтран ажиллаж байна. Хяналт, шинжилгээгээр Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэл болон нийслэлийн иргэдэд нийлүүлж буй бүтээгдэхүүн нь хатуу түлшний MNS 5679:2025 стандартын шаардлагыг хангасныг баталгаажуулж, нэг жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олголоо. Үнэлгээг хоёр чиглэлээр хийсэн бөгөөд тухайн бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, лабораторийн шинжилгээ, хаяг шошго гээд бүх шатанд стандартын шаардлагад нийцсэн байгааг хөндлөнгийн байгууллагын хувьд нотолсон.
Тохирлын гэрчилгээний хүчинтэй хугацаанд манай компаний зүгээс сар тутам магадлах хяналт хийж, хамтран ажиллана. Тухайн компани тогтоогдсон шаардлагыг үргэлжлүүлэн хангах ёстой. Өнгөрсөн жилийн хувьд Тавантолгой ХХК-ий лаборатори нь итгэмжлэгдсэн нь их онцолтой байгааг дурдах хэрэгтэй.
Манай компани 2024 онд байгуулагдаж, Монгол Улсын Үндэсний Итгэмжлэлийн төвөөс баталгаажуулалтаа хийлгээд бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын баталгаажуулалт хийх, итгэмжлэх эрхээ авч, үйл ажиллагаагаа эрхэлж байна." гэдгийг онцоллоо.

Тавантолгой түлш ХХК-ий захирал С.Даваасүрэн:
"Тавантолгой түлш" ХХК нь нийслэлийн иргэддээ хагас кокосжсон түлш болон эрчим хүчний угаан баяжуулсан нүүрсээр хийсэн түлш нийлүүлж байна. Нийлүүлэхдээ дотоодын лабораториос гадна Гаалийн лаборатори, ҮИТ болон олон улсын CCIC, SJS зэрэг компаниудаар үнэлгээ хийлгэдэг. Тэгвэл өнөөдөр бид тухайн бүтээгдэхүүндээ тохирлын гэрчилгээгээ гардан авлаа. Өөрөөр хэлбэл ард иргэдэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа гэдэг батламжаа гардан авч байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн 182,000 гаруй өрхөд манай компани түлш нийлүүлж байгаа бөгөөд дөрвөн жилийн өмнө баталсан үнийн дүнгээрээ түлшээ борлуулж байна.

Тохирлын гэрчилгээг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн дагуу олгодог бөгөөд Тавантолгой түлш ХХК гурав дахь жилдээ хөндлөнгийн хяналт хийлгэж, бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажууллаа.














