Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 этгээдийг БАРИВЧИЛЖ, ₮2,4 тэрбумын хөрөнгийг битүүмжилжээ

Цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж, их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн байж болзошгүй 10 этгээдийг цагдаагийн байгууллагаас баривчилжээ.
Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагаагаар сэжигтэй этгээдүүд нь олон улсын "Melbet" цахим платформыг ашиглан Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулиар хориглосон төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулж, нийт 31 тэрбум төгрөгийн мөнгөн гүйлгээ хийсэн нөхцөл байдал тогтоогдсон.
Мөн хууль бус орлогоор худалдан авалт хийсэн байж болзошгүй, 2.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжлээд байгаа аж.
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас дээрх гэмт хэргийн замаар олсон орлогыг хууль ёсны мэт харагдуулах зорилгоор мөнгө угаасан үйлдлийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

