Ирэх оноос өөрийн хүсэлтээр ажлаас гарсан даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 55 өдрөөр тооцож олгоно

Ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл, тэтгэмж тооцох аргачлал, олгох хугацаанд оруулсан өөрчлөлт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
Тэтгэмжийг ажлаас чөлөөлөгдсөний дараагийн өдрөөс ажлын 76 өдрөөр, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол ажлын 55 өдрөөр тооцож олгоно.
Тэтгэмжийг ажилгүй болохын өмнөх шимтгэл төлсөн дараалсан 12 сарын дундаж цалин, түүнтэй адилтгах орлогоос тооцно.
Анх тэтгэмж авахын тулд ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийт 24-өөс доошгүй сар, үүнээс сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх шаардлагатай.
Өмнө нь тэтгэмж авсан даатгуулагч дахин 12 сар шимтгэл төлж, үүнээс сүүлийн есөн сард тасралтгүй төлсөн бол тэтгэмж авах эрх дахин үүснэ.
НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэгийн мэдээлснээр 2026 оны төсвийн тодотголоор ажилгүйдлийн тэтгэмжийн санхүүжилтийг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Ингэснээр энэ онд саатсан тэтгэмжийг бүрэн олгох боломж бүрдсэн байна.









