Яллагдагч Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ

Яллагдагч Т.Даваадалай, Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв
Нийслэлийн Прокурорын газраас Т.Даваадалай, Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарыг албан тушаалын байдлаа ашиглан бусдад нөлөөлж өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгох, албан тушаалтан албаны нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр тус тойргийн шүүхэд ирүүлсэн.
Шүүх хэргийг хүлээн авч, 11 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хуралдаанаар хэлэлцэх явцад оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн, нотолбол зохих байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж шийдвэрлэв.
Тодруулбал хохирогч буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мөрдөн байцаалтын шатанд оролцож байсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөө өөрчилсөн тухай албан бичгээр мэдэгджээ. Гэтэл түүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр зохих журмын дагуу тогтоогоогүй, хэргийн материал танилцуулаагүй нөхцөл байдал нь мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж дүгнэх үндэслэлтэй.
Мөн яллагдагч Т.Даваадалай нь өөр хэрэгт мөн яллагдагчаар татагдсан талаар баримтаа шүүхийн шатанд гарган өгч, хэргийг нэгтгүүлэх хүсэлт гаргасан нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэлтэй байх тул хэргийг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.
Түүнчлэн аливаа албан тушаалтны холбогдсон гэмт хэрэг нь түүнд хууль тогтоомжоор олгогдсон албаны эрх мэдэл байдаг бөгөөд түүнийг урвуулан ашигласан тохиолдолд хууль зүйн үр дагавар үүсгэдэг бөгөөд маргаан бүхий тендерийг шалгаруулсан албан тушаалтнуудын шийдвэрээр дээрх нэр бүхий шүүгдэгч нарт давуу байдал үүссэн байх тул тухайн шийдвэр гаргасан албан тушаалтнуудын үйлдлийг дахин шалгах шаардлагатай.
Иймд дээрх нөхцөл байдлуудаас гадна шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэв.
