М.Бадамсүрэн: 2028 онд зүүн бүсэд боомт дагасан авто зам, төмөр замын ажлыг эхлүүлнэ

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн мэдээлэл өглөө.
Тэрээр "Дорнод аймагт 2027 онд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн 15-18 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан. Цаашид 2028 онд боомт дагасан авто замын ажлыг эхлүүлнэ.
Одоо Ульхан, Хавирга боомтын замын ажлаас гадна эвдрэлтэй 50 км авто замын засварын ажил эхэлсэн. Үүнийг дуусгасны дараа зүүн бүсэд хамгийн том хийгдэх ажил бол түүхэн аялал жуулчлалын газруудыг дэд бүтцээр холбох, тээвэр ложистикийн томоохон бүтээн байгуулалт буюу зүүн босоо чиглэлийн буюу ОХУ-тай хиллэж байгаа боомтоос Чойбалсан хотоор дамжуулан өмнөд хөршийн Бичигт боомттой холбох зүүн босоо төмөр замыг тавих ажил эхэлнэ.
Чойбалсан хотоос Бичигт боомттой холбогдох зам ашиглалтад орсноор Европ-Азийг холбосон хамгийн том гарц бий болох юм. Төсөв гэлтгүй төр, хувийн хэвшил хамтарч энэ ажлыг хийхээр төлөвлөж байна.
Үүнээс гадна 21 аймгаас Дорнод аймагт хамгийн анхны олон улсын нисэх онгоцны буудлын барилгын ажил хийгдэж байна. Энэ нь зүүн өмнөд азид гарах томоохон нөөц онгоцны буудал болох томоохон төсөл юм." хэмээлээ.






