Автобусны хурд 16.7 км/цаг хүрч, санал гомдол 7 хувиар буурчээ

Өнгөрсөн сарын сүүлээр нийслэлийн нийтийн тээврийн автобусны хүлээгдлийн хугацаа уртасч, иргэдийн бухимдлыг төрүүлсэн билээ. Тэгвэл автобусны хөдөлгөөнийг зохицуулах чиг үүрэгтэй Шуурхай штаб ажиллаж эхэлснээр автобусны дундаж хурд 16.7 км/цаг болж нэмэгдсэн талаар Нийтийн тээврийн бодлогын газрын Сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд мэдээллээ.
Тэрээр "Ажлын өдөр 1,186, амралтын өдөр 1,081 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж, өдөрт дунджаар 670 мянга орчим иргэн үйлчлүүлж байна. Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийтийн тээврийн бодлогын газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөллөөс бүрдсэн Шуурхай штаб ажиллаж эхэлсэн. Шуурхай штаб авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн автобус зорчих зориулалтаар чөлөөлснөөр автобусны дундаж хурд 16.7 км/цаг болж нэмэгдсэн" гэв.
Түүнчлэн аравдугаар сарын 28-наас автобусны тоог нэмэгдүүлснээр эрэлт ихтэй чиглэлүүдийн зорчигчийн урсгал зургаан хувиар өсөж, санал гомдол долоон хувиар буурсан гэж мэдээллээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс










