БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн АНХААРАЛД

БНСУ-д суралцах шийдвэр гаргахдаа сургуулийн сонголт, санхүүгийн боломж, хэлний бэлтгэл болон виз, оршин суух эрхтэй холбоотой хууль, журмыг сайтар судалж, урьдчилан бэлтгэхийг зөвлөж байна.
Монгол Улсаас БНСУ-д суралцахаар ирж буй оюутны тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж, 2023 онд 14,295, 2024 онд 17,330, 2025 онд 19,865, 2026 оны наймдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 20,784 оюутан суралцаж байна. Үүнээс 1,358 оюутан визийн хугацаагаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байгаа нь нийт оюутны 6.5 орчим хувь эзэлж байгааг БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас мэдээлэв.
Зуучлагчтай байгуулж буй гэрээ, хүүхдийнхээ суралцах, амьдрах нөхцөлийг сайтар судалж, аливаа бичиг баримтыг хэрхэн бүрдүүлж, хаана хүргүүлж байгааг хянах, хувийн мэдээлэл болон бичиг баримтаа бусдад хяналтгүй шилжүүлэхгүй байхад оюутан, эцэг эх, асран хамгаалагчид болгоомжтой хандана уу. Иймд, БНСУ-д суралцахаар төлөвлөж буй ОЮУТАН, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ Та бүхэнд дараах асуудалд онцгойлон анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ЗӨВЛӨЖ байна. Үүнд:
- Элсэхээр төлөвлөж буй их, дээд сургууль болон хэлний бэлтгэлийн ангийн албан ёсны зөвшөөрөл, үйл ажиллагаа, сургалтын чанар, гадаад оюутанд үзүүлэх үйлчилгээний талаар урьдчилан судлах,
- БНСУ-ын Боловсролын яам, Хууль зүйн яамнаас баталгаажуулдаг гадаад оюутны боловсролын чанарын үнэлгээний тогтолцоо (IEQAS)-ны шаардлага хангасан сургуулийн жагсаалт болон дэлхийн их, дээд сургуулиудыг жил бүр эрэмбэлэн гаргадаг олон улсын нэр хүндтэй байгууллагын үнэлгээг судалж, шалгах,
- Зуучлагч байгууллагын амлалт, сурталчилгаанд дангаар нь найдалгүйгээр сургуультай шууд холбогдож, элсэлт болон төлбөрийн мэдээллийг баталгаажуулах,
- Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, орлого болон санхүүгийн баталгааг худал мэдүүлэх, бодит бус мэдээлэл өгөхөөс зайлсхийх, зуучлагч байгууллагын бэлдсэн эцсийн материалыг шалгаж байх,
- Сургалтын төлбөрөөс гадна амьжиргааны зардлыг урьдчилан тооцож, санхүүгийн боломжид нийцсэн шийдвэр гаргах,
- БНСУ-д ирэхээсээ өмнө солонгос хэлний зохих мэдлэг эзэмшиж, сургалтын ачаалал, ирц, шалгалт, бие даан суралцах шаардлагыг урьдчилан ойлгосон байх,
- Хичээл таслах, сургалтаа орхих, санхүүгийн хүндрэлээс шалтгаалан суралцах боломжгүй, хүндрэл үүссэн тохиолдолд тухайн сургуульд нэн даруй мэдэгдэх,
- Гадаадын иргэний бүртгэл, оршин суух хугацаа сунгуулах, бичиг баримтын мэдээлэл, хаяг өөрчлөх болон сургуулиа солихтой холбоотой мэдэгдэл, зөвшөөрлийг журмын дагуу хугацаанд нь биелүүлэх,
- Зуучлагч, ажил олгогч болон бусад этгээдийн зөвлөгөөнд дангаар нь найдалгүй, виз, оршин суухтай холбоотой асуудлыг БНСУ-ын Цагаачлалын алба болон сургуулийн холбогдох нэгжээс тухай бүр тодруулах,
- D-2 болон D-4 визтэй байна гэдэг нь шууд ажил эрхлэх эрхтэй гэсэн үг биш бөгөөд цагийн ажил хийхийн өмнө сургуулийн гадаад оюутан хариуцсан нэгж болон Цагаачлалын албанаас зөвшөөрөл авах шаардлага, ажиллах боломжтой салбар, ажлын цагийн хязгаарлалтыг тодруулах,
- Ирэхээсээ өмнө амьдрах байр, гэрээний нөхцөл, байрны төлбөр, барьцаа мөнгө болон сургуульдаа хүрэх унаа, замын талаар судлах,
- Эрүүл мэндийн даатгалын төлбөрийн цаг тухайд нь хийх, эмнэлгийн тусламж авах боломж, яаралтай үед холбоо барих хүний мэдээллийг бэлтгэх,
- Хэлний бэрхшээл, ганцаардал, сэтгэл зүй, санхүүгийн хүндрэл болон бусад асуудал тулгарвал ганцаараа даван туулах гэж оролдолгүй, сургууль, зөвлөх багш, оюутны дэмжлэгийн нэгж болон гэр бүлийнхэндээ шуурхай хандах,
- Бусдын хууль бус үйлдэл, дарамт шахалт, залилан, хүний наймаад өртсөн тохиолдолд холбогдох байгууллагаас тусламж хүсэх,
Эцэг эх, асран хамгаалагчдын анхаарах зүйл:
- Хүүхдээ БНСУ-д суралцуулах шийдвэр гаргахаас өмнө тухайн сургуулийн нэр хүнд, сургалтын чанар, багшлах бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, сургуулийн үнэлгээ болон сургалтын орчин, чадавхыг сайтар судалж, сургалтын хөтөлбөр, төлбөр, амьдрах нөхцөлийн талаар мэдээллийг нягтлахын зэрэгцээ хүүхдийнхээ солонгос хэлний мэдлэг, суралцах зорилго, мэргэжил сонголт, бие даан амьдрах чадвар болон сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг даах санхүүгийн боломжийг бодитой үнэлэх,
- Хүүхдээ БНСУ-д очсоны дараа тогтмол холбоотой байж, суралцах явц, хичээлийн ирц, амьдрах орчин, санхүүгийн болон сэтгэл зүйн байдалд нь тогтмол анхаарал хандуулах,
- Хүүхэд нь санхүүгийн хүндрэлд орсон, хичээлдээ суухаа больсон, удаан хугацаанд холбоогүй болох, сургуулиа орхих, сэтгэл санаа хүнд байгаа тухайгаа илэрхийлсэн, эсвэл оршин суух эрхийн асуудал үүссэн тохиолдолд яаралтай нутаг буцаахад анхаарах зэрэг болно.
Элчин сайдын яам
