Энхийг сахиулагч эмч Ц.Цэрэнлхагва эх барьж авсан судан хүүгээ нутаг буцахынхаа өмнө эргэж очжээ

Энэ оны 3 дугаар сарын 01-ний өдөр БНӨСУ-ын Абьемном сууринд гэнэтийн зэвсэгт халдлага болж тус сууринд энхийг сахиулж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн цэргийн багийн алба хаагчид мандатад заагдсан үүргийн дагуу түргэн шуурхай арга хэмжээ авч, 2500 гаруй энгийн иргэдийг хамгаалалтад авч аюулгүй байдлыг ханган ажилласан.
Харин энэ үеэр хамгаалалт хүссэн орон нутгийн иргэдийн дунд төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэй өвдөлт өглөө гэх мэдээллийн дагуу тус Сүбээдэй баазын эмч ахлах дэслэгч Ц.Цэрэнлхагва, сувилагч алхах ахлагч Д.Ууганбаатар нар мэргэжлийн өндөр ур чадвар гарган эх барьж, эх, нярайг эсэн мэнд амаржуулсны зэрэгцээ Монголын энхийг сахиулагчид шинээр төрсөн хүүд “SSS” буюу “South Sudan Subedei” нэрийг хайрласан билээ.
Өнөөдөр 7 сар хүрч байгаа South Sudan Subedei хүүг тус баазад үүрэг гүйцэтгэж буй 3 дугаар мотобуудлагын ротын удирдлага, хамт олон эргэн очиж Өмнөд Судан Улсдаа шилдэг цэргийн удирдагч болохыг ерөөн хүүхдийн тоглоом болоод зарим эд ахуйн зүйл, гарын бэлгийг гардуулсан өгсөн байна.

