ЦЕГ-ын дарга Ж.Болд НХЖХОНАБХ албанд ажиллаж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашням, Санхүү, ар талын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуун нар энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд ажиллаж, алба хаагчдын төлөөлөлтэй уулзан, тэдний санал хүсэлтийг сонсож, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ.
Уулзалтад тус албаны бүтцийн нэгжийн болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар, хэлтэс, тасгийн удирдлага, алба хаагчид, дүүргийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, хорооны цагдаа, эргүүлийн цагдаа, офицерийн төлөөлөл болох 104 алба хаагч танхимаар, аймгийн цагдаагийн газрын чиг үүргийн нэгжийн 944 алба хаагч цахимаар тус тус хамрагдсан.
Арга хэмжээний үед Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр энэ оны эхний 9 сард хэрэгжүүлсэн онцлог ажлын мэдээллийг танилцуулж, тус албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, нөхцөл байдал, тулгамсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар танилцуулж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болдоос алба хаагчдад хандан үг хэлж, цаашид үйл ажиллагаандаа анхаарч ажиллах асуудлаар чиглэл өглөө.
Тэрээр, тус албанаас хэрэгжүүлж буй дипломат төлөөлөгчийн газар, шүүхийн байгууллагын хамгаалалтын үйл ажиллагаанд харилцаа холбоо, цахим хяналтын системийн зохион байгуулалт, шуурхай удирдлагыг сайжруулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэд, оршин суугчдын аюулгүй орчинг бүрдүүлэхэд чиглэсэн ажлын үр дүнг сайшаан, цаашид хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийттэй хамтран ажиллахыг чиглэл болгож, алба хаагчдад ажлын амжилт хүслээ






