Автомашины болон авто зам ашигласны татварыг бууруулах иргэний саналыг гишүүдийн олонх нь ДЭМЖСЭНГҮЙ

УИХ-ын Төсвийн болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр иргэн Э.Баясалцэнгэлээс гаргасан автомашины болон авто зам ашигласны татварыг бууруулах тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ.
Тус өргөдөл нь Нийтийн өргөдлийн цахим системээр иргэдээс 33,216 дэмжлэг авч, хуульд заасан 33 мянган гарын үсгийн босгыг давсан юм. Улмаар уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр Төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн байна.
Өргөдөлд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн автомашины болон авто зам ашигласны татвар, төлбөрийн нэмэгдлийг бууруулж, өмнөх хэмжээнд нь оруулах шаардлагыг тавьжээ.
Гэвч өнөөдрийн хамтарсан хуралдаанаар уг саналыг Байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.
"Татвар, төлбөрийг 2025 оноос 3-5 дахин нэмэгдүүлсэн"
Эргэн сануулахад, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 оны арванхоёрдугаар сард нийслэлд бүртгэлтэй автомашинд ногдуулах албан татвар болон авто зам ашигласны төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
Ингэхдээ автомашины албан татварыг зарим ангиллаар гурав хүртэл дахин, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн юм.
Тухайлбал, 2000 см.куб хүртэлх хөдөлгүүрийн багтаамжтай автомашины авто зам ашигласны төлбөр 20 мянган төгрөгөөс 100 мянган төгрөг, 2001-3000 см.куб автомашиных 30 мянгаас 150 мянган төгрөг, 4001 см.кубээс дээш автомашиных 50 мянгаас 250 мянган төгрөг болж нэмэгдсэн.
Мөн автомашины албан татварын хувьд “Приус” автомашины татвар 36 мянгаас 108 мянган төгрөг, “Лексус 570” 188.1 мянгаас 564.3 мянган төгрөг, “Ланд Круйзер 200” 151.8 мянгаас 455.4 мянган төгрөг болж нэмэгдсэн байна.
Иргэн Э.Баясалцэнгэлийн гаргасан өргөдөлд энэхүү нэмэгдлийг буцаан бууруулах шаардлагыг тавьсан бөгөөд иргэдийн дэмжлэгээр шаардлагатай босго болох 33 мянган гарын үсгийг давсан ч өнөөдөр Байнгын хорооны түвшинд дэмжлэг авч чадсангүй.

