“Patrol“-ын жолоочийг шүүх буруугүй гэж дүгнэснийг Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч дахин шалгуулах хүсэлтээ илэрхийллээ

“Дүнжингаравын газын дэлбэрэлт” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдаад буй Ч.Ренчиндоржид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр Дүнжингаравын ослын "Patrol"-ын жолооч Э.Мөнхнаранг шүүх буруугүй гэж дүгнэснийг Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч дахин шалгуулах хүсэлт гаргалаа.
Тодруулбла, “Д...” ХХК-ийн жолооч Ч.Ренчиндорж нь компанийн өмчлөлийн Вэйбэн норт бенз (Beiben North Benz) маркийн автомашинаар 15.7 тонн шингэрүүлсэн хий тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцож байхдаа Ниссан Патрол (Nissan Patrol) загварын автомашинтай шүргэлцсэн байна. Улмаар их хэмжээний шингэрүүлсэн хий алдагдсан бөгөөд тухайн үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан холбогдох үүргийг биелүүлээгүй, шаардлагатай арга хэмжээг аваагүй эс үйлдэхүйн улмаас дэлбэрэлт үүссэн гэж үзсэн юм.
Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр Ч.Ренчиндоржийн өмгөөлөгчид мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтүүдэд эргэлзээ байгааг онцолж, дахин болон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзлээ.
Мөн мөрдөн шалгах байгууллага болон прокурорын зүгээс яллагдагчийг цагаатгах боломжтой нөхцөл байдал, нотлох баримтуудыг хангалттай шалгаагүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Өмгөөлөгчдийн тайлбарласнаар ослын дараах аюултай бүсийн хэмжээг хэрхэн тогтоосон, тухайн орчинд замын хөдөлгөөний зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээ, уулзварын стандартын асуудал ямар нөлөө үзүүлсэн зэрэг нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй байна гэж үзэж байгаа аж.

