Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 33 хувиар өсжээ

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг тогтмол судалж, зохион байгуулалтын арга хэмжээ авч, Тагнуулын байгууллага, Хар тамхитай тэмцэх албатай хамтран энэ оны эхэнд “Хар тамхи, мансууралтай тэмцэх үр нөлөөг дээшлүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, зөвлөмж гаргасан талаар өмнө мэдээлж байсан.
Зөвлөмжид хар тамхи, мансууралтай тэмцэх талаар Олон Улсын гэрээ конвенци, эрх зүйн зохицуулалт, хууль хэрэглээ, шүүхийн практик, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдал, прокурор, мөрдөх байгууллага хамтран ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг тусгаж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Тухайлбал, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Хар тамхитай тэмцэх албатай хамтран 5 дугаар сарын 13-ны өдөр хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, үр дүнг улирал бүр тооцон ажиллаж байна.
Дээрх зохион байгуулалтын арга хэмжээний үр дүнд 2026 оны 9 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”, мөн хуулийн 20.8 дугаар зүйл “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах” хэрэгт нийт 398 хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 270 хүнд холбогдох 184 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 33 хувиар өсжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 398 хүнийг яллагдагчаар татсанаас дийлэнх буюу 52 хувь нь 18-30, 44 хувь нь 31-44 насны иргэд байгаа бол, 15 хувь нь эмэгтэйчүүд байна.
