Иогийн багш Б.Туул: Иогийн замд “аль багш зөв, аль төв сайн” гэхээс илүүтэй та өөрийнхөө мэдрэмжийг дагах нь чухал

"Бадамлянхуа Иог Төв"-ийн иогийн багш Б.Туулын зөвлөгөөг хүргэж байна.
Хүмүүсээс байнга л асуулт ирдэг. Би анхлан иогоор хичээллэх гэж байгаа юм. Ямар иог тохирох вэ?, бас сайн багш дээр хичээллэх гэсэн юм гээд!
Иогийн олон төрөл бий хатха, виньяаса, кундалини, аштанга гэх мэт. Зарим хүн яг ямар төрлийг сонгохоо мэдэхгүй их эргэлздэг. Гэвч үнэн хэрэгтээ аль ч төрөл, аль ч төв танд тустай. Хамгийн түрүүнд та өөртөө тууштай, тогтмол хичээллэх боломжтой орчныг сонгох нь хамгийн чухал.
Төвийн байршил ба цагийн сонголт
Таны гэр эсвэл ажилтай ойрхон, таны амьдралын хэмнэлд нийцэх цагийн хуваарьтай төв бол таны хамгийн зөв сонголт. Иог бол тогтмол давтамжтай байхдаа л үр дүнгээ өгдөг. Тиймээс таслахгүй очиход амар, өөрт тань амьдралын хэмнэлд зохицдог байршил бол таны “хамгийн сайн төв” юм.
Багшийн сонголт
Мэдээж сайн багш маш чухал. Гэхдээ “сайн” гэдэг ойлголт хүн бүрт өөр. Заримдаа багшийн олон жилийн туршлагаас илүү түүний зааж буй арга барил, дуу хоолой, эрч хүч, хүний өөртөө татах чанар нь танд илүү ойр санагдаж болно. Эхний хичээлээсээ л танд таалагдах эсвэл сэтгэл татах мэдрэмж төрөх нь бий. Харин заримдаа олон туршлагатай ч танд онцын холбоо үүсэхгүй байх нь ч бас байдаг.
Тиймээс та өөр өөр багш дээр туршиж үзээд өөрийн мэдрэмжээ сонсох хэрэгтэй. Хамгийн зөв сонголт бол таны дотоод сэтгэлээс гардаг.
Өөрийгөө сонсох нь
Иогийн замд “аль багш зөв, аль төв сайн” гэхээс илүүтэй та өөрийнхөө мэдрэмжийг дагах нь чухал. Та тухайн хичээл дээр тайвшрал, итгэл, урам зориг авч чадаж байгаа эсэхээ анзаараарай. Хэрэв авдаг бол та зөв газар, зөв хүн дээр байна гэсэн үг.
Ингээд эцэст нь хэлэхэд, хамгийн ойр төв, хамгийн ойр багш гэдэг нь таны зүрх сэтгэлд ойр байгаа тэр газар, тэр хүн юм.
