Хэнтий аймагт 3 иргэн 50 удаагийн үйлдлээр бусдын 66 бод, 328 бог малыг хулгайлжээ

"Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт нэр бүхий 3 иргэн үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан нийт 50 удаагийн үйлдлээр бусдын 66 тооны бод, 328 тооны бог малыг хулгайлж нийт 180,530,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлжээ.
Мөн Төв аймгийн нутаг дэвсгэрт 29 эр ямаа хулгайлан өвөлжөөндөө нууж, улмаар “Porter” маркийн автомашинаар тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлэн, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдийн дийлэнх нь 18-55 насны, ажилгүй болон туслах малчид бөгөөд амар хялбар аргаар ашиг олох зорилгоор бүлэглэн үйлдэх тохиолдол түгээмэл байна. Тэд малыг бэлчээрээс нь тууж, тээврийн хэрэгслээр зөөвөрлөх, эсвэл бэлчээрт нь нядлах аргыг голчлон ашигладаг байна.

