Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллагын хамтарсан шалгалтын хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллагын хилийн хамтарсан шалгалтын ажлын хэсгийн арванхоёрдугаар хуралдаан 2026 оны 09 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Хуралдааныг Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Хяналт, хорио цээрийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сүхбаатар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Боомтын хяналт шалгалтын орлогч дарга Жан Тао нар тэргүүлж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Тодруулбал, Монгол, Хятадын гаалийн байгууллагын хамтарсан шалгалтын арваннэгдүгээр хуралдааны протоколын хэрэгжилт, манифест солилцох ажлын явц, цахим мэдээлэл дамжуулах шинэ системд шилжүүлэх ажлын талаар болон “Монгол Улс, БНХАУ хоорондын хил дамнан авто замаар тээвэрлэгдэж буй зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналт, шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх” туршилтын төлөвлөгөөний төслийн хавсралтуудыг хэлэлцэж, саналаа нэгтгэлээ.

Түүнчлэн хилийн боомт дээрх нүүрсний гаалийн хяналт, шалгалттай холбоотой асуудлаар дэмжлэг үзүүлж, татан авалтыг нэмэгдүүлэх талаар болон Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагаанд талуудаас тавих гаалийн хяналт шалгалтын асуудлыг тус улсын талд танилцуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо.


