Хилээр мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн этгээдүүдэд 4 жил 6 сарын ял оноожээ

С.Б, Р.М нар нь бүлэглэн Бүгд Найрамдах Түрк улсаас "мөс" гэх хэрэглээний нэршилтэй, метамфетамины (methamphetamine) агууламжтай, 44.8 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдаар дамжуулан захиалж, худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлжээ.
2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд амины орон сууцанд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмээн Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
Иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийн талаар тус байгууллагаас тогтмол мэдээлж буй.
Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”-д зааснаар яллагдагчаар татагдсан 260 хүнд холбогдох 182 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан 20 хүнд холбогдох 14 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд 7 хүнд холбогдох 5 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүллээ. Шүүхээс 5 хүнд 1-9 жилийн хугацаагаар хорих ял, 2 хүнд 1-ээс 1 жил, 353 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.
Хэргийн талаар тоймлон хүргэвэл:
- Т.Х нь 2025 оны 2 дугаар сарын 17-ны шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol)-ын агууламжтай, 4 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар мөн өдрөө орон байранд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Т.Х-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар оршин суух нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 353 хоногийг нэмж, нийт хугацааг 1 жил, 353 хоногоор тогтоож шийдвэрлэсэн.
- А.Б нь 2025 оны 11 дүгээр сард Төв аймгийн нутаг дэвсгэрээс нийт 1,260.2 грамм цэвэр жинтэй, дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9 tetrahydrocannabinol) агууламжтай, олсны ургамал болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд орон байранд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс А.Б- хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил, 6 сарын хугацаагаар оршин суух нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2,4 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
- Р.А нь 2026 оны 4 дүгээр сарын 06-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9 tetrahydrocannabinol) агууламжтай, 30.2 грамм жинтэй олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд орон байранд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Р.А-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Монгол Улсад хар тамхи буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авах, хадгалахыг Эрүүгийн хуулиар хориглодог.
“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын гений санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй. Энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгодог.
Улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг.
Эх сурвалж: Монгол Улсын ерөнхий прокурорын газар
