“Мөрдөн шалгах алба“-ны түүхт 80 жилийн ойн өдөр тохиож байна

"Мөрдөгч"-ийн тэмдэглэлт өдрийн 100, Цагдаагийн ерөнхий газрын "Мөрдөн шалгах алба"-ны түүхт 80 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ түүхэн ойг тохиолдуулан өнөөдөр Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн хүндэтгэлийн хурал Соёлын төв өргөөнд боллоо.
Хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, эрх зүйн баримт бичигт тусгагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилтийг ханган тууштай ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албыг "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнан алдаршууллаа.
Түүхэн ойг тохиолдуулан энэхүү арга хэмжээнд ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд болон үе үеийн дарга нар, ахмад ажилтнууд, алба хаагч нар оролцож байна.
А.Үйлстөгөлдөр: Мөрдөн шалгах алба 80,810 хэргийг шийдвэрлэж, ₮1 их наядын хохирлыг барагдуулж, ард иргэдийн өмч хөрөнгө, ашиг сонирхлыг хамгаалжээ
Арга хэмжээг нээж, ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр хэлсэн үгэндээ "Мөрдөн шалгах албаны харьяа нэгжүүд 2024 онд 36,816 хэргийг шийдвэрлэж 697 тэрбум төгрөгийн, 2025 онд 43,994 хэрэг шийдвэрлэж 306 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж, ард иргэдийн өмч хөрөнгө, ашиг сонирхлыг хамгаалжээ.
Мөрдөн шалгах алба нь мөрдөн шалгах байгууллагын бүхий л үйл ажиллагааг шинжлэх ухаанд тулгуурлан хууль ёсыг хэлбэрэлтгүй биелүүлж, тэргүүн туршлагыг судлан нэвтрүүлэх замаар мөрдөн шалгах ажиллагааны чанар үр дүнг сайжруулан, хүний эрхийн болон мэргэжлийн алдаа зөрчилгүй ажилласаар ирснийг цохон тэмдэглэхэд таатай байна.
Мөрдөн шалгах ажлын талбар бол оюун ухаан, тэсвэр хатуужил, хуулийн мэдлэг, шударга ёсны шалгуур байдаг.
Мөрдөн шалгах албаны алба хаагч Та бүхэн бол хэргийн үнэн мөнийг тогтоох, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, хэлмэгдсэн иргэний эрхийг сэргээхийн төлөө цаг наргүй зүтгэж ирсэн гавьяатнууд юм.
Цаашид ахмад үеийнхээ хуримтлуулсан үнэт туршлага, уламжлалыг шинэ мэдлэг, технологийн дэвшилтэй хослуулж, мэргэшсэн, технологид суурилсан, хүний эрхийг дээдэлсэн орчин үеийн мөрдөн шалгах байгууллага болон хөгжиж, хууль сахиулах салбарын шинэчлэлд манлайлан ажиллана гэдэгт итгэл төгс байна.
Цэргийн Гавьяаны улаан тугийн одонт Мөрдөн шалгах албаны үе үеийн удирдлага, алба хаагч, ахмад ажилтан Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, халуун баяр хүргэе." гэдгийг онцлов.
Ж.Болд: Мөрдөн шалгах албаны 80 жилийн түүхэнд “Монгол Улсын Гавьяат хуульч” цолыг нийт 17 алба хаагч, ахмад ажилтан хүртсэн нь бахархам амжилт
ЦЕГ-ын дарга, Дотоод цэргийн командлагч Ж.Болд хэлсэн үгэндээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Мөрдөн шалгах албыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан нь тус албаны удирдлага, ахмадууд, алба хаагчдын шударга ёсыг тогтоохын төлөө цаг наргүй зүтгэсэн хөдөлмөр, хичээл зүтгэл, гавьяа бүтээлийг Монголын төр өндрөөр үнэлсэн хүндэтгэл юм.
Мөрдөн шалгах албаны алба хаагчид хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн ур чадвараараа төрдөө өндрөөр үнэлэгдэж ирсэн бөгөөд 80 жилийн түүхэнд “Монгол Улсын Гавьяат хуульч” цолыг нийт 17 алба хаагч, ахмад ажилтан хүртсэн нь бахархам амжилт билээ.
Өнөөдөр гэмт хэргийн шинж, арга хэлбэр, түүнийг үйлдэх орчин урьд өмнөхөөс илүү хурдацтай хувьсан өөрчлөгдөн, нарийн зохион байгуулалттай болж, цахим орчин, мэдээллийн технологи, санхүүгийн шинэ хэрэгсэл, хил дамнасан сүлжээ, харилцааг өргөнөөр ашиглахын зэрэгцээ цахим нотлох баримтын төрөл, хэмжээ өсөн нэмэгдэж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд шинэ сорилт, шаардлагыг бий болгож байна.
Орчин цагийн мөрдөгч зөвхөн хууль, эрх зүйн өндөр мэдлэгтэй байхаас гадна криминалистик, мэдээллийн технологи, цахим нотлох баримт, санхүү, эдийн засаг, гадаад хэл, сэтгэл зүй зэрэг олон салбарын мэдлэг, арга хэрэгслийг мөрдөн шалгах ажиллагаанд зөв ашиглах чадвартай байх шаардлагатай.
Үүний тулд хүний нөөцийн мэргэшил, чадавхыг тасралтгүй дээшлүүлэх, шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийг үйл ажиллагаанд бодитоор нэвтрүүлэх, цахим нотлох баримтыг илрүүлэх, бэхжүүлэх, шинжлэн судлах чадавхыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийг хангах нь бидний цаашдын хөгжлийн үндсэн чиглэл байх болно.
Монгол төрийн цагдаагийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадарч, мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай!" гэв.



