Төрийн үйлчилгээг иргэнд ойртуулсан “Явуулын оффис“-оос ХЗДХЯ-ны харьяа байгууллагуудын үзүүлдэг үйлчилгээг нэг дороос авах боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн яамны (ХЗДХЯ) “Явуулын оффис” өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 8-ны Мягмар гарагт Хан-Уул дүүргийн “Имарт” худалдааны төвд 09:00–16:00 цагийн хооронд ажиллаж байна.
Иргэд тус явуулын оффисоор ХЗДХЯ-ны харьяа 11 агентлаг, байгууллагын 600 орчим төрлийн төрийн үйлчилгээ, лавлагаа, хууль зүйн зөвлөгөөг нэг дороос авах боломжтой юм.

ХУД-ын Мөрдөн шалгах II тасгийн дарга, хошууч Б.Ууганбаяр:
ХЗДХЯ-аас санаачлан иргэддээ хүрч ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс "Явуулын оффис"-ыг хуваарийн дагуу ажиллуулж байна. Явуулын оффисоос иргэн та ХЗДХЯ-ны харьяа 11 байгууллагаас авч болох үйлчилгээнүүд буюу жолоодох эрхийн үнэмлэхээ сэргээлгэх, шилжилт хөдөлгөөн хийлгэх, иргэний үнэмлэх захиалах, эд хөрөнгө шилжүүлэх зэрэг маш олон үйлчилгээг авах боломжтой. Бид цаашид ч энэ үйлчилгээгээ дүүрэг болгон дээр хуваарийн дагуу үзүүлж ажиллана.

Үзүүлж буй гол үйлчилгээ:
- Улсын бүртгэл, архивын лавлагаа зэрэг олон байгууллагаар дамжих шаардлагатай ажлуудыг газар дээр нь шийдвэрлүүлэх
- Иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч, бүртгэлжүүлэх
- Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах
- Эмнэлгийн анхан шатны зөвлөгөө үйлчилгээ зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Тус явуулын оффис нь өнгөрсөн хугацаанд нийт 4,100 гаруй иргэнд зөвлөгөө өгч, 2,078 үйлчилгээг газар дээр нь үзүүлжээ.
























