Улсын эмийн бүртгэлд байхгүй, тураах үйлчилгээтэй “Монжура“ тариаг хил нэвтрүүлэхийг завджээ

Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт 2026.08.18-ны өдөр Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын гурван иргэний тээшинд гаалийн байгууллагад мэдүүлээгүй эм, эмийн бүтээгдэхүүн илэрчээ.
Гаалийн хяналт шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, тусгай зөвшөөрөл шаарддаг “Монжура” нэршилтэй, 2.5 мг, 5 мг, 7.5 мг-ийн 3 төрлийн нийт 1,483 ШИРХЭГ тариа байсныг илрүүлэн саатуулж, холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг худалдах, ханган нийлүүлэх болон арилжааны зориулалтаар импортлох нь зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэх журмаас ялгаатай юм. Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг ердийн импортын журмаар импортлох боломжгүй бөгөөд хуульд заасан тусгай нөхцөлд холбогдох зөвшөөрөл, шаардлагыг хангасан тохиолдолд импортлох боломжтой.
Иймд иргэд та бүхэн гадаад улсаас эм, эмийн бүтээгдэхүүн авч зорчихдоо тухайн бүтээгдэхүүн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх, улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл болон бусад холбогдох шаардлага тавигдах эсэхийг урьдчилан тодруулах, гаалийн байгууллагад зохих журмын дагуу мэдүүлэхийг анхааруулж байна.
