Бага насны хүүхэд хүчиндсэн хэргээр шалгагдаж байхдаа өмнө нь үйлдсэн үүнтэй адил хэргээ НУУСАН байжээ

Б нь 13 настай А-г бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос Б-ийн үйлдлийг бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны тойргийн шүүхээс Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялаар шийтгэжээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Б уг хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхээс өмнө өөр хүчиндэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа тул хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр прокурорт буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Тодруулбал, Б-ийн сүүлийн үйлдэл нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гарсан. Б нь дээрх гэмт хэрэгтээ шалгагдаж байх явцдаа буюу 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын дунд хүртэл хугацаанд бага насны хүүхэд болох А-г хүчиндсэн гэх хэргийн талаараа огт мэдүүлээгүй, илэрхийлээгүй байна.
Өөрөөр хэлбэл, Б нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдэгдсэн хэрэгтээ шалгагдаж байх хугацаанд өмнөх үйлдлээ илчлэх, нэгтгэн шалгуулах, нэг яллах дүгнэлтийн хүрээнд өөрийн холбогдсон хэргээ нэгтэн шийдвэрлүүлэх, эрх зүйн байдлаа дээрдүүлэх боломжийг гагцхүү өөрөө илэрхийлэх ёстой.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болон үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэж байхаар заасан байна. Эндээс дүгнэхэд хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим бөгөөд энэ журмаар биечлэн эдлэх ялыг тогтоосныг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Шүүгдэгч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэрэг нь үргэлжилсэн үйлдэл буюу тодорхой нэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн талаараа мэдүүлж, тус тусдаа үйлдэгдсэн гэмт хэргүүдээ нэг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлүүлэх боломжоо шүүгдэгч нь өөрөө хязгаарласан энэхүү байдал нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлд хамраахгүй.
Мөн дээрх гэмт хэргүүд нь тус тусдаа эхлэл төгсгөлтэй, өөр өөр цаг хугацаа, орон зайд үйлдэгдсэн, хохирогчид нь тусдаа байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэхгүй юм.
|
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө
|

