СОР17: “Хотын дарга нарын форум“-д 33 улс, 24 хотын төлөөлөл оролцож байна

СОР17 хурал өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт” Улаанбаатарт эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага, Монгол улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцож байна.
Форумын дээд түвшний яриа хэлэлцээнд орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргааны удирдлагууд, Талуудын өндөр түвшний төлөөлөгчид, санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгэм болон бусад гол оролцогч талууд оролцож, олон талт засаглал, түншлэлээр дамжуулан UNCCD-ийн хэрэгжилтийг урагшлуулахад орон нутгийн “манлайллыг ахиулах” талаар санал солилцож байна.
Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хот, суурин газарт амьдарч байгаа бөгөөд 2050 он гэхэд энэ үзүүлэлт 68 хувьд хүрэх төлөв бий. Хүн ам, эдийн засаг, дэд бүтцийн төвлөрөл нь хотуудыг хүний хөгжил болон байгаль орчны тогтвортой байдлын огтлолцлын гол цэг болгож буй.

Энэхүү чуулга уулзалт нь хотуудын түвшинд хэрэгжиж буй бодлого, сайн туршлага, технологи, инновац, байгальд суурилсан шийдлүүдийг олон улсын түвшинд нэгтгэн түгээх, нутгийн захиргааны байгууллагуудын дуу хоолой, оролцоог UNCCD-ийн үйл явцтай илүү нягт холбох, цаашид хотуудын хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх институцын болон санхүүгийн суурийг бий болгох ач холбогдолтой юм.
Мөн өнөөдөр Дэлхийн газрын нөхөн сэргээлтийн ололт амжилт 2026 тайлангийн нээлт болон Үр нөлөө, бодит туршлагыг харуулсан цахим түүхүүдийн тайлангийн нээлт болно. Хотын дарга нарын форумын талаарх хэвлэл мэдээллийг 13:15 цагаас хүргэнэ.







