Хүүхдийн 100 мянган төгрөгийн үр нөлөөг судлах үндэсний судалгааг хийж эхэллээ

Хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100 мянган төгрөг өрхийн амьжиргааны түвшин, орлого, хэрэглээ болон хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох үндэсний хэмжээний судалгааг IRIM судалгааны хүрээлэн хийж эхэлсэн байна.
Судалгааны мэдээлэл цуглуулалтад Улаанбаатар хот болон бүс нутгийг төлөөлөх 8 аймгийн 31 сумын нийт 2,000 өрхийг хамруулахаар төлөвлөжээ.
Судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн захиалгаар IRIM судалгааны хүрээлэн гүйцэтгэж байна.
Судалгааны үр дүн нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийн өрхийн амьжиргаа, хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй бодит үр нөлөөг үнэлэх, цаашдын бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгоход шаардлагатай нотолгоо, мэдээллийг бүрдүүлэх ач холбогдолтой гэжээ.
Монгол Улсад 1.2 сая хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна.
