М.ЗОРИГТ: Прокурорын байгууллага цахим хавтаст хэргийг нэвтрүүлэхийг зорьж байна М.ЗОРИГТ: Прокурорын байгууллага цахим хавтаст хэргийг нэвтрүүлэхийг зорьж байна
08 сарын 21, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

М.ЗОРИГТ: Прокурорын байгууллага цахим хавтаст хэргийг нэвтрүүлэхийг зорьж байна

2026 оны 8 сарын 21

Прокурорын байгууллага мэдээллийн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, ажлын бүтээмжээ сайжруулахад ашиглаж байна. Энэ талаар УЕПГ-ын Цахим хөгжил мэдээллийн технологийн газрын Программ хөгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Зоригттой ярилцлаа.

Прокурорын байгууллага мэдээллийн технологи, тэр дундаа хиймэл оюуныг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглаж байна вэ?

Өнөөдөр бид гурван чиглэлд төвлөрч ажиллаж байна. Нэгдүгээрт, цаасан хэлбэрээр явж ирсэн прокурорын хяналтыг үе шаттайгаар цахимд шилжүүлж, хяналтын ажлын нэгдсэн систем, цахим архив, дотоод үйл ажиллагааны системүүдээ хөгжүүлж байна. Хоёрдугаарт, ажлын ачаалал жил бүр өсөж байгаа тул системээ мэдээлэл хадгалах сав биш, ажлыг бодитоор хөнгөвчилдөг хэрэгсэл болгож байна.

Хяналтад байгаа хэргийн хугацаа дуусахыг урьдчилан сануулдаг бөгөөд цаашид шаардлагатай маягт, шийдвэрийн төслийг бэлдэж өгөх, нэг мэдээллийг дахин гараар бичихгүй байх зэрэг цаг хэмнэдэг шийдлүүдэд анхаарч ажиллаж байна.Гуравдугаарт, прокурорууд их хэмжээний баримт бичигтэй ажилладаг тул баримт бичиг боловсруулахад хиймэл оюуны боломжийг судалж байна.

Хиймэл оюуныг хяналтын ажилд хэрхэн ашиглах вэ?

Олон зуун хуудас баримтаас шаардлагатай мэдээллийг ялган авах, ижил төстэй хэрэг, шийдвэрийг хайж олох, бичвэрийг ангилах боломжийг туршиж байна. Гэхдээ маш болгоомжтой хандаж байна.

Хиймэл оюун бол шийдвэр гаргах биш, прокурорт туслах хэрэгсэл бөгөөд эцсийн шийдвэр, түүний үндэслэл, хариуцлагыг тухайн албан тушаалтан хүлээнэ. Хэргийн мэдээлэл хаалттай учраас мэдээллийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьдаг.

Ойрын хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

Дараагийн томоохон ажил бол хавтаст хэргийг цахимжуулах явдал. Өнөөдөр хэрэг, материал цаасан хэлбэрээр мөрдөн байцаалтаас прокурорт, прокуророос шүүхэд биечлэн зөөгддөг нь цаг хугацаа, хүн хүчний зардлаас гадна баримт дутуу үлдэх, гэмтэх эрсдэлтэй байдаг. Цахимжуулна гэдэг нь зүгээр скан хийнэ гэсэн үг биш. Хэрэг үүсэх мөчөөс баримт бүрийг цахимаар бүрдүүлж, цахим гарын үсгээр баталгаажуулж, хэн, хэзээ, юуг үзсэн, ямар өөрчлөлт оруулсан нь бүрэн бүртгэгддэг байхыг хэлж байгаа юм. Ингэснээр хяналт шуурхай болж, баримтын бүрэн бүтэн байдал хангагдаж, байгууллага хоорондын шилжилт цахим болно.

Улсын ерөнхий прокурорын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, судалгааны шатандаа явж байна. Хүндрэл нь баримтын хэмжээ өсөхийн хэрээр шаардагдах хадгалалт, урт хугацааны цахим архивын шийдэл хэрэгтэй.

Нөгөө талаар энэ ажлыг зөвхөн прокурорын байгууллага дангаараа гүйцэтгэх боломжгүй. Мөрдөх байгууллага, Шүүх байгууллагатай нэг стандарттай, ижил бүтэцтэй хавтаст хэргийг таньдаг нэг системтэй болж байж амжилттай хэрэгжинэ. 

ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛСНЭЭР ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЭЛ НЭГ СИСТЕМЭЭС ШУУРХАЙ ГАРАХ БОЛОМЖ БҮРДСЭН

Прокурорын байгууллага 2026 оны эхэнд “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ санд хэчнээн байгууллага нэгдэж, үйл ажиллагаандаа хэрхэн ашиглаж байна вэ?

Эрүүгийн хэрэг харьцангуй цөөн тооны байгууллагаар дамждаг бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь улсын хэмжээнд 65 чиг үүргийн 900 орчим байгууллагын 11 мянга орчим эрх бүхий албан тушаалтнаар дамждаг. Ийм өргөн хүрээтэй ажиллагааг цаасаар удирдана гэдэг ойлголтын хувьд ч, хяналтын хувьд ч боломжгүй болсон. Тийм ч учраас юун түрүүнд зөрчлийн мэдээллүүдийг нэгтгэж, нэгдсэн сан бий болгох хэрэгцээ, шаардлага үүссэн.

Өмнө нь цагдаа өөрийн системд, татвар, гааль гэх мэт байгууллагууд мөн өөрийн цахим бүртгэлд, бусад байгууллагууд цаас, файл хэлбэрээр бүртгэдэг байсан бөгөөд эдгээрийг нэгтгэх боломж хязгаарлагдмал байсан.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газрын захиалгаар, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн дэмжлэгтэйгээр хөгжүүлж, 2026 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ сангийн мөн чанар нь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий бүх байгууллага зөрчлийн талаарх мэдээллээ нэг стандарт, нэг ангиллаар, ижил маягтаар бүртгэдэг нэгдсэн сан бий болгосонд оршиж байгаа юм.

Хууль тогтоомжийн дагуу улсын хэмжээний зөрчлийн бүртгэл, статистик мэдээг хариуцан гаргах, нэгтгэх үүргийг Прокурорын байгууллага хүлээдэг. Тийм ч учраас бид энэ сангийн үндсэн зохион байгуулагчаар ажиллаж, эрх бүхий байгууллагуудыг арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.

Иргэдийн дунд зөрчлийн мэдээллийн санг прокурорын байгууллагын нэг систем гэсэн ойлголт байдаг. Энэ систем хэрхэн яаж ажилладгийг тайлбарлаж өгөхгүй юу?  

Энэ бол хамгийн их тайлбар шаарддаг асуулт. Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь ганц энэ системээс тогтдоггүй. Өөр өөр байгууллагын олон систем зэрэг ажиллаж байдаг. Нэг иргэний үйлдсэн зөрчлийн мэдээлэл тус санд бүртгэгдсэнээс хойш гурван үе шатыг дамжин шийдвэрлэгддэг. 

Эхний үе шат - Бүртгэл: Зөрчлийг илрүүлж, шалган шийдвэрлэдэг эрх бүхий байгууллагууд буюу цагдаа, татвар, гааль, байгаль орчин, нийслэл, орон нутгийн эрх бүхий байгууллага зэрэг 900 орчим байгууллага бий. Эдгээр байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас, шийдвэр “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгэгдэнэ.

Хоёр дахь үе шат - Лавлагаа авах эх сурвалж: Хүн, хуулийн этгээдийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, тээврийн хэрэгслийн бүртгэл, ХУР системээр дамжуулан баталгаат эх сурвалжаас нь авдаг. Ингэснээр нэг иргэн хоёр өөр нэрээр бүртгэгдэх, регистрийн дугаар зөрөх гэх мэт алдаа, зөрчил гарахгүй болсон.

Гурав дахь үе шат - Гүйцэтгэл, төлбөрийн хэсэг: Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем нь зөрчил болон торгуулийн мэдээллийг өгдөг. Тухайн торгууль Төрийн санд төлөгдсөн тохиолдолд төлбөрийн мэдээлэл ирж, системд зөрчлийн төлөв автоматаар өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, “төлөгдсөн” эсэхийг Прокурорын байгууллага гараар тэмдэглэдэггүй, Төрийн сангийн гүйлгээний баримт дээр үндэслэн систем өөрөө шинэчилдэг.

Зөрчлийн нэгдсэн сан ажиллаж эхэлснээр ямар өөрчлөлт, үр дүн гарч байна вэ?

Хамгийн том өөрчлөлт нь шуурхай байдал нэмэгдсэн. Тус сан ашиглалтад орсноор зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтнууд гомдол, мэдээлэл, шийдвэрлэлтийг интернэт холбогдсон бүхий л газраас бүртгэх, зөрчлийн дугаарыг цахимаар авах, хугацаа сунгах, зөвшөөрөл авах зэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны санал, хүсэлтийг холбогдох албан тушаалтанд цахимаар гаргаж шийдвэрлүүлэх боломжтой болж, цаасны хэрэглээ багассан бодит үр дүн гарсан.

Мөн зөрчлийн мэдээлэл нэг системээс бодитой гарах боломж бүрдсэн. Прокурорын байгууллага хууль тогтоомжид зааснаар улсын хэмжээнд зөрчлийн талаарх нэгдсэн бүртгэл, статистик мэдээг хариуцах үүргийг хүлээдэг. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны шийдвэрлэсэн зөрчил бүрийн тоо, төрөл, шийтгэлийн хэмжээ, төлөлтийн байдлыг нэгтгэн, албан ёсны статистик болгодог. Нэгдсэн системтэй болсноор зөрчилтэй холбоотой мэдээллүүд бодит цаг хугацааны байдлаар гарч байна. Нэгдсэн системээс гарч буй статистик мэдээллүүд нэгдүгээрт бодлого боловсруулагчдын хувьд аль төрлийн зөрчил хаана, ямар улиралд, ямар давтамжтай гарч байгааг харж байж урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чиглүүлдэг. Хоёрдугаарт, хууль тогтоогч нар тухайн зүйл заалт практикт хэрхэн хэрэглэгдэж байгаа, шийтгэлийн хэмжээ үр нөлөөтэй эсэхэд дүн шинжилгээ хийх боломжийг олгодог. 

Жил ирэх бүр зөрчлийн тоо нэмэгдэж байна. Зөрчлийн мэдээллээс харахад хамгийн их үйлдэгдэж буй ямар зөрчлүүд байна вэ?

2026 оны эхний 8 сарын байдлаар системд нийт 5,6 сая зөрчил бүртгэгдээд байна. Эдгээр зөрчилд нийт 151 тэрбум төгрөгийн торгууль оногдуулснаас 78 тэрбум төгрөг буюу 52 хувь нь төлөгдсөн байна. Хамгийн их бүртгэгдсэн нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил бөгөөд он гарснаас хойш 5,4 сая бүртгэгдсэн. Мөн Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 79 мянга, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих 23 мянга гаруй бүртгэгдсэн нь хамгийн их байна.

Иргэд зөрчлийн торгуулиа хэрхэн төлөх боломжтой вэ?

Зөрчлийн торгууль төлөх процесс гинжин холбоогоор ажилладаг. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шийдвэрлэж, шийтгэлийн хуудсыг нэгдсэн санд бүртгэнэ. Тухайн мөчид зөрчлийн торгох шийтгэлийн мэдээллийг Төрийн сангийн системд илгээж нэхэмжлэх үүснэ. Мэдээлэл E-Mongolia болон холбогдох сувгаар иргэнд очно. Иргэн торгуулиа цахимаар төлөх боломжтой. Төлбөр Төрийн сангийн холбогдох дансанд шилжиж, төлбөр хийгдсэн баталгаажуулалт ирснээр зөрчлийн системд тухайн зөрчлийн төлөв “төлөгдсөн” болж өөрчлөгдөнө.

Харин хугацаандаа төлөөгүй тохиолдолд хуульд заасан журмын дагуу торгууль нэмэгдэх, эрх хязгаарлах, албадан гүйцэтгэх ажиллагаа руу шилжих зэрэг үндэслэл системд бий болно. Энэ гинжин холбоонд дор хаяж дөрвөн байгууллагын систем оролцож байгаа.

Аль нэг нь саатвал бүх системд доголдол үүсэх учир энэ бол хамтын ажиллагааны асуудал юм. Мэдээлэл солилцох чиглэлээр Цагдаагийн ерөнхий газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, төлбөр тооцооны асуудлаар Төрийн сангийн төлбөр тооцооны нэгдсэн систем, E-Mongolia, ХУР системтэй холбогдсон. Одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим системтэй холбогдох интеграцийн ажил хийгдэж байна.

Зөрчлийн торгууль төлөлттэй холбоотой ачаалал үүсэж, торгууль төлөх үйлчилгээнд саатал гарсан тухай мэдээлэл өмнө нь гарч байсан. Одоо хэвийн болсон гэж ойлгож болох уу?

Зөрчлийн тухай хуульд 1500 орчим үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсон байдаг. Зөрчилд хүлээлгэх хариуцлагын хамгийн түгээмэл нь торгох шийтгэл юм. Улсын хэмжээнд үйлдэгдсэн зөрчлийн 90 орчим хувийг торгох шийтгэл эзэлдэг бөгөөд энэ шийтгэл нь заавал биелэгдэх шинжтэй байдаг.

Тиймээс торгох шийтгэлийг биелүүлэх ажиллагааг нэхэмжлэлд суурилсан цахим хэлбэрт шилжүүлсэн. Ингэснээр шийтгэлийн биелэлтийг системийн хэрэглэгч цаг хугацааны алдагдалгүй, бодит цагийн горимоор тооцох боломжтой болж, шийтгэлийг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх, эрхийг хязгаарлах зэрэг хуульд заасан ажиллагаа хүний оролцоогүйгээр хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, торгууль төлөгдсөн эсэхээс хамаарч хууль зүйн үр дагавар автоматаар үүсдэг болсон гэсэн үг.

Мөн төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч талууд ч үйл ажиллагаандаа хуульд заасан шаардлагад нийцүүлж, холбогдох өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болсон. Эдгээр өөрчлөлт хийгдэх хүртэлх хугацаанд буюу тодруулбал, 2026 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш оногдуулсан торгуулийг зарим төрлийн аппликейшн үйлчилгээгээр иргэд төлөх боломжгүй байсан. Систем өөрөө зогссон, торгууль төлөх боломжгүй болсон асуудал биш юм. Харин одоо зөрчлийн торгууль төлөлт хэвийн явагдаж байна.

Эцэст нь иргэдэд хандаж хэлэх зүйл юу байна вэ?

Төрийн үйлчилгээ цахимжина гэдэг нь зөвхөн албан хаагчийн ажил хөнгөвчлөгдөнө гэсэн үг биш. Иргэн өөрт нь хамаарах мэдээллийг хэдийд ч харах, шалгах, алдаатай бол зөвтгүүлэх боломжтой болно гэсэн үг юм. Цахимжилтын хамгийн том үр өгөөж нь энэ гэж бид үздэг.

Тиймээс иргэддээ хандаж хэлэхэд, өөрт хамаарах мэдээллээ идэвхтэй шалгаж, эргэлзээ төрвөл асууж тодруулж байхыг хүсэж байна. Аливаа мэдээлэл алдаатай бүртгэгдсэн гэж үзвэл шийдвэр гаргасан байгууллагадаа хандаарай. Цахим орчинд хийгдсэн бүх үйлдэл ул мөртэй үлддэг тул үнэн бодит байдлыг тогтоох боломжтой.

Прокурорын байгууллагын хувьд цахим шилжилт бол нэг удаагийн төсөл биш, тасралтгүй үргэлжлэх ажил. Бид цаашид ч алба хаагч нарынхаа ажлыг хөнгөвчилж, иргэдэд ойр, ил тод, шуурхай байх зарчмыг баримтлан ажиллах болно.

-Ярилцсанд баярлалаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670311
0 эможи

keyboard_arrow_up