“Интермэд“ эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан гэх дуудлагын дагуу ЦЕГ, ТЕГ ажиллаж буй бөгөөд хэвтэн эмчлүүлэгсдийг нүүлгэн шилжүүлжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Интермед” эмнэлгийн орчмыг цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн хамгаалалтад авч, онцгой байдлын алба хаагчид тусгай техник хэрэгсэл, хамгаалалтын хувцас хэрэглэлтэйгээр ажиллаж байна.
Энэ талаар холбогдох байгууллагаас тодруулахад “Интермед” эмнэлгийн санал хүсэлт хүлээн авдаг QR системээр ОХУ-ын иргэн “Танай эмнэлэгт бөмбөг тавьсан” гэх мэдээлэл ирсэн. Уг мэдээллийг шалгуулахаар эмнэлгийн ажилтан Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст дуудлага, мэдээлэл өгсөн байна. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн болон тагнуулын байгууллагаас хамтарсан шалгалтыг зохион байгуулж байна. Одоогоор эмнэлгийн орчимд ямар нэгэн тэсрэх бодис, сэжигтэй эд зүйл илрээгүй байна. Улмаар шалгалтыг үргэлжлүүлж байгаа. Аюулгүй байдлыг хангах үүднээс тус эмнэлгийн 600 орчим алба хаагч болон хэвтэн эмчлүүлж буй 30 иргэний 80-90 хувийг нүүлгэн шилжүүлсэн" гэлээ.
Холбогдох байгууллагуудын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нөхцөл байдлын талаар нэмэлт мэдээллийг албан ёсоор хүргэх юм байна.

