АҮЭБЯ: ОХУ-аас ачсан шатахуун замдаа явж байгаа тул ирэх долоо хоногоос түгээлт хэвийн болно

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 75 ШТС, орон нутгийн 49 ШТС дээр орлого буулгаж, түгээлт хийсэн. Өнөөдрийн байдлаар 46 вагон цистерн буюу 2760 тонн АИ92 төрлийн автобензин УБТЗ-ын өртөөнүүд дээр буусан, удахгүй түгээлтэд гарна.
ОХУ-аас ачсан 152 вагон цистерн буюу 120 тонн автобензин замдаа явж байна. Ирэх долоо хоногоос эхлэн түгээлт хэвийн болно гэлээ.
Иймд энэ амралтын өдрүүдээр бүх шатахуун түгээх станцуудыг цэнэглэж, ирэх долоо хоногийн эхнээс дугаарлалтгүйгээр шатахуун олгож эхэлнэ гэсэн мэдээллийг өгсөн.
Мөн БНХАУ-аас ачсан онгоцны түлш маргааш гэхэд Замын-Үүдээр орж ирэн түгээлт хийхэд бэлэн болохоор байна.
ШТС-ууд шатахууны онцгой нөөцийг гэрээ байгуулсан эмнэлэг, цагдаагийн байгууллагууддаа өгөх, 9 цагийн орчимд нөөцөө шалган цэнэглэлтээ хийх, түгээгч нар нь ээлжээ солилцох зэрэгтэй холбоотойгоор доголдол үүсэх тохиолдлууд гарч байна гэв.
