Умайн хүзүүний хорт хавдрыг оношилж, эмчлэх тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Япон Улсаас умайн хүзүүний хорт хавдрыг оношлох, эмчлэх тоног төхөөрөмжийг өнөөдөр (2026.08.13) Монголын эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.
Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилтын хүрээнд HPV-ийн вакцинжуулалтыг үндэсний хэмжээнд эхлүүлсэн. Цаашлаад HPV ДНХ шинжилгээний оношлуур, тоног төхөөрөмжийг хүлээн авч, шинжилгээг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ онд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 742 эмч, эрүүл мэндийн ажилтныг HPV ДНХ шинжилгээ, оношилгоо болон хавдрын урьдал эмгэгийн эмчилгээний чиглэлээр сургажээ. HPV ДНХ шинжилгээ нь умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлж, эрсдэлтэй эмэгтэйчүүдийг цаг алдалгүй оношилгоо, эмчилгээ, хяналтад хамруулах боломжийг бүрдүүлдэг.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар "Умайн хүзүүний хорт хавдар нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломжтой. Гэвч Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.
Монгол Улсад 2024 онд 521 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар шинээр оношлогдож, 167 эмэгтэй уг өвчний улмаас нас барсан байна. Иймд өвчнийг хожуу шатанд нь эмчлэхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд онцгой анхаарч байгаа" гэв.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
