Ховд аймагт алга болсон охиныг зургаа дахь өдрөө хайж байна

Ховд аймгийн Буянт суманд алга болсон охиныг орон нутгийн болон нийслэлийн цагдаагийн байгууллага, Онцгой байдлын алба хаагчид зургаа дахь өдрөө хайж байна.
Тодруулбал, энэ сарын 1-ний өдөр 10 настай охин саахалт айлдаа тарвас хураах ажилд туслахаар Ховд аймгийн Буянт сум дахь гэрээсээ өглөө 8:00 цагийн үед гараад өнөөдрийг хүртэл сураггүй байгаа аж. Гэр бүлийнхнийх нь охиныг алга болсон тухай дуудлага, мэдээллийг охиныг гэрээсээ явснаас хойш нэг өдрийн дараа буюу наймдугаар сарын 2-ны өдөр 11:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Улмаар охиныг эрэн хайх ажил эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэг баттай сураг гараагүйг албаныхан хэлж байгаа юм. Охины амьдардаг орчмоор болон саахалт айлынх нь ойр, орчимд хяналтын камер байхгүй учраас охиныг хэзээ, хаашаа явсныг тогтооход хүндрэлтэй байгааг албаныхан хэлэв.
Алба хаагчид эрлийн багийнхан сум болон сумын ойр, орчмоор байдаг гол, сумаас 10 орчим км зайд тарвасын талбай зэрэг очиж болох газруудаар эрлийг үргэлжүүлж цар хүрээг тэлж байгаа юм байна.
Мөн ойр орчмын айлуудаас мэдээлэл цуглуулах, иргэдээс мэдүүлэг авах, газар дээрх үзлэг шалгалт болон бусад мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Буянт сумын Засаг даргын Тамгын газар болон сумын алба хаагчид, Ховд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагчид, нийслэлийн цагдаагийн ерөнхий газар болон Онцгой байдлын ерөнхий газ рын алба хаагчид нэмэлтээр томилогдон Буянт суманд ажиллаж эхэлжээ. Охин бор царайтай, 140 орчим см өндөр, алга болох үедээ цагаан өнгийн цамц, хар өнгийн өмд, ягаан өнгийн углааш өмссөн байжээ.
Цагдаагийн байгууллагаас охиныг харсан, эсвэл түүний байгаа газрын талаар мэдээлэлтэй иргэдийг цагдаагийн байгууллагын 102 болон Буянт сумын хэсгийн төлөөлөгчийн 94517043 дугаарт яаралтай холбогдон мэдээлэл өгөх боломжтой.

