Г.Дамдинням: Шатахууны үнэ дээр тохиролцох боломжгүй. Одоогоор олдож байгаа газраас нь л авч байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлыг танилцуулж байна. Шатахууны асуудалтай холбоотойгоор Шуурхай штабаас зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж буй.
Тухайлбал шатахууныг автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор ээлжлэн олгож эхэлсэн. Ингэхдээ нэг машинд 50 мянган төгрөг хүртэл хэмжээнд шатахуун өгч байна. Мөн иргэд саванд шатахуун авах боломжгүй.
Энэ арга хэмжээ хэрэгжсэн эхний өдрийн байдлаар зарим нэг эерэг үр дүн гарсан гэдгийг салбарын сайд Г.Дамдинням онцлов.
Мөн тэрбээр цаашид шатахуун оруулж ирэх улсын тоог нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа гэв. "Иргэд БНСУ-аас яаж шатахуун оруулж ирэх гэж байгаа талаар гайхаж байх шиг байна. Бид энэ улсаас шатахуун авдаг. Сингапураас бас авдаг. Хэмжээг нь нэмэгдүүлэх талаар л ярьж байгаа юм.
Шатахууны үнэ дээр тохиролцох боломжгүй. Одоогоор олдож байгаа газраас нь л авч байна.
Монгол улс өдөрт 2000 тонн бензин хэрэглэдэг бол "айдас, түгшүүрийн" өдрүүдэд 3000-4000 тонн болж өсдөг. Одоо хэрэглээ ийм хэмжээнд байна.
Шатахууны нөөц, сав барих ажлыг эхлүүлсэн. Монгол улс шатахууны нэг сарын нөөц л хадгалах савтай улс. Ирэх жилийн өдийд бид хоёр сарын нөөцөө хадгалах, 2028 оны өдийд гурван сарын нөөц хадгалах савтай болох болно" хэмээн ярилаа.
Түүнчлэн үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд шатахуун, түлш, газрын тосны бүх бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлсөн байна.
