ШШГЕГ: Япон Улсын “ASO GROUP” боловсролын байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүллээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор алба хаагчдын хүүхдүүдийг гадаад улсад суралцуулах нөхцөлийг бүрдүүлэх болон тэднийг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Япон Улсын “ASO group”-ийн харьяа зарим коллежуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хүүхдүүдийг суралцуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
“ASO group” нь 13 харьяа коллежтой бөгөөд мэдээллийн технологи, бизнес, аялал жуулчлал, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, автомашины инженер зэрэг чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшүүлдэг 87 жилийн түүхтэй боловсролын байгууллага юм.
Хамтын ажиллагааны үр дүнд алба хаагчдын хүүхдүүдийг зарим чиглэлээр 100 хувийн тэтгэлгээр суралцуулах, цаашид эзэмшсэн мэргэжлээрээ тус улсад ажлын байраар хангагдан хөдөлмөр эрхлэх боломж бүрдэнэ.

