НОБГ: Гол усны түвшин ирэх сарын 15-ны өдрийг хүртэл буурахгүй. Тиймээс болгоомжтой байх хэрэгтэй

Нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр /2026.08.04/ үер болон гол усны ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Оюунбат:
"Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд 19 иргэн усны ослоор амиа алдлаа. Үүнээс 16 том хүн, гурав нь бага насны хүүхэд байв. Ялангуяа сүүлийн гурван хоногт 8 удаагийн усны ослын дуудлага мэдээлэл онцгой байдлын газарт бүртгэгдсэн. Усны ослын улмаас зургаан иргэн амь насаа алдсаныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Өнөөдрийн байдлаар хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа. Мөн энэ сарын 1-нээс 2-ны өдөр рүү шилжих 00:00 цагт гурван иргэн усны осолд өртсөний нэг нь модны мөчир таарч амьд гарсны хоёр нь урссан. Урссан иргэдийг 48 цагийн дотор эрэн хайж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Түүнчлэн, энэ сарын 2-ноос 3-ны өдөр рүү шилжих шөнө 00:48 цагт дуудлага ирсны дагуу очиход дөрвөн иргэний нэг нь голын мөчир таарч амьд гарсан бол гурван иргэн голд урссан. Нэг иргэнийг олсон бөгөөд одоогоор хоёр иргэнийг эрэн хайж ажил үргэлжилж байгаа юм.
Гол усны түвшин есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл буурахгүй байхад иргэд гол дагуу амарч зугаалж байна. Холбогдох албанаас цаг алдахгүй сэрэмжлүүлэг мэдээ өгөхөд үл тоомсорлож, хүлээж авахгүй байна.
Туул голын усны түвшин Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Био орчмоор эргээ давж, халж үерлэсэн нөхцөл байдал үүссэн. Туул гол дагуу аж ахуй нэгж, айл өрхүүд олон бий. Үүний дагуу онцгой байдлыг газрын алба хаагчид очиж 28 өрхийн 107 иргэн болон амралтын газарт байрлаж сургалт авч байсан 183 иргэний аюулгүй байдлыг хангасан.
Наймдугаар сарын 1-ний өдрийн 16:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Түргэний гол орчимд автомашинтай хүмүүс үерт урслаа гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу газар дээр очиход хоёр том хүн, гурван хүүхэд машинтайгаа урссан бөгөөд суудлын машин хөмөрсөн байсан. Тухайн үед нэг айлын гурван хүүхдийн нэг нь үерт урссан. Хоёр хүүхэд нь ухаан балардсан байдалтай байхад түргэн тусламжийнхан хүүхдэд анхан шатны тусламж үзүүлсэн. Үерт урссан 11 настай хүүхдийг эрэн хайж ажлыг үргэлжлүүлж наймдугаар сарын 2-ны өдрийн 13:40 цагт олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн" гэв.
